ТӨВ: Техникийн туслалцааны төслийн 3 дугаар үе шатны шалгаруулалтыг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, IRIM Хараат бус судалгааны хүрээлэнгийн хамтарсан баг 2 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд Зуунмод, Баянчандмань, Жаргалант суманд ажиллаж байна.
Хамтарсан баг нь “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийн 3 дугаар үе шатны шалгаруулалтыг зохион байгуулах зорилготой юм.
Төслийн 1 дүгээр шатны сонгон шалгаруулалтад нийт 38 бизнес эрхлэгч материалаа ирүүлснээс 18 бизнес эрхлэгч 2 дугаар шатанд шалгарсан юм. Баянчандмань сумаас 2 дугаар шатанд 4 бизнес эрхлэгч, Жаргалант сумаас 6 бизнес эрхлэгч шалгарсан бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа, бизнесийн бодит нөхцөл байдалтай танилцана.
Тус сумдаас шалгарсан бизнесүүд нь газар тариалан, хүнсний
ногоо, нарийн ногоо тариалалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, хоршоод байгаа юм.