Засаг даргын нэрэмжит спортын уламжлалт тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-24 22:28:55

Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх спортын тэмцээн ирэх сарын 04-ний өдөр болох гэж байна.

Аймгийн даргын нэрэмжит уг тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх” тухай 53 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний” тухай 05 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг юм.

Уг тэмцээн нь төрийн албан хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гол зорилгоо чиглүүлдэгээрээ онцлогтой. Энэхүү цомын төлөөх тэмцээн нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, төрийн байгууллагууд, Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа цэргийн анги, банк, төмөр замын байгууллагуудын дунд зохион байгуулагдах аж.

Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дардас гэсэн төрлүүдээр явагдах юм. Гар бөмбөгийн төрөлд байгууллага бүрээс эрэгтэй 8, эмэгтэй 8 хүний бүрэлдэхүүнтэй баг, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 7, эмэгтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй баг, ширээний теннисний төрөлд эрэгтэй эмэгтэй 1, дардасны төрөлд эрэгтэй 2, эмэгтэй 2, шатрын төрөлд эрэгтэй эмэгтэй 1 тамирчин тус тус оролцох юм байна. Тус тэмцээний техникийн зөвлөлгөөн ирэх 11-р сарын 02-ны өдрийн 15 цагт болж, сугалааг явуулан, тоглолтын оноолтыг гаргах бөгөөд тэмцээн 11-р сарын 04-ны 12 цагт эхлэх ажээ.

Мөн тэмцээнд оролцох төрийн болон төрийн тусгай албаны байгууллагууд зөвхөн Сүхбаатар суманд ажиллаж байгаа мэргэжилтэн, офицер, ахлагч нараас дээш албан тушаалтнуудыг хамруулан оролцохыг удирдамжид заажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻