ДАРХАН-УУЛ: Хуванцар савыг дахин боловсруулж ашиглана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд хог хаягдлаас үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Эс и эс эл солюшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Даваа нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд долоо хоногийн зургаан өдөр ажиллах явуулын машины тусламжтай дахивар хуванцар савыг цуглуулж, ангилсан дахиврыг бэлтгэх тоног төхөөрөмж бүхий цэг ажиллуулж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх юм.
Цугларсан хуванцар саваар хүнсний зориулалттай рет үрэл бий болгон эргээд ундаа, усны сав үйлдвэрлэх зарчмаар ажиллахаар тусгажээ.
“Эс и эс эл солюшин” ХХК өнгөрсөн онд аймгийн хэмжээнд нийт 90 тонн хуванцрыг татан авчээ. Энэ нь иргэдийн хэрэглээнээс гарч буй хуванцрын хэрэглээний 20 орчим хувь юм. Энэ жил уг ажлын үр дүнг ахиулан 40-46 хувьд хүргэхээр зорьжээ.
Хаягдал хуванцар савыг дахин боловсруулж байгаль орчноо хамгаалж, эрүүл амьдрах, хөрсний бохирдлоос сэргийлэхэд иргэн, ААНБ-ууд хувь нэмрээ оруулж хуванцраа ангилан хаяхыг талууд уриаллаа.