Саран дээр буух хүмүүсийн хувцас, явагч аппаратын нэрсийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2025-02-13 15:47:53

БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 13 /Xinhua/. Сарыг судлах хөтөлбөрийн хүрээнд илгээх сансрын нисгэгчдийн өмсөх хувцас, явагч аппаратын нэрийг Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ лхагва гарагт олон нийтэд танилцуулжээ. 


Саран дээр буух сансрын нисгэгчдийн хувцсыг Ванюү гэж нэрлэсэн бөгөөд энэ нь сансар огторгуйг ширтэн ажиглахуй гэсэн утгатай ажээ. Ийнхүү нэрлэхдээ сансрын нисгэгчдийн хөлгийн гадна өмсөх хувцасны нэр болох сансар огторгуйд нисэхүй гэсэн утгатай “Фэйтянь”-иас санаа авчээ.


Хятад улс сансарт нисэх зорилгоо биелүүлж, сансрын станцаа байгуулсны дараа сансрын нисгэгчдийг Сар руу, цаашлаад сансар огторгуйн гүн рүү хийх шинэ аялалд гарсныг Ванюү” хэмээх нэр илэрхийлж байгаа ажээ.


Харин Сарны жолоодлогот явагч аппаратыг Таньсуо гэдэг бөгөөд энэ нь үл мэдэгдэх зүйлийг судлах гэсэн утгатай юм. Энэ нэр нь Хятадын ард түмэнд Сарны нууцыг нээн илрүүлэхэд туслах аппаратын зорилгыг илэрхийлж байгаа бөгөөд шинэлэг санаа, эрэл хайгуулыг бэлгэдэж байна. Иргэдээс ирүүлсэн 9000 орчим саналаас эдгээр хоёр нэрийг сонгожээ.


Хятад улс 2030 оноос өмнө Саран дээр сансрын нисгэгчдээ буулгаж, шинжлэх ухааны судалгаа хийхээр төлөвлөж байна. Сарны тойрог замд жолоодлогот сансрын хөлөг болон буугч аппаратыг илгээхийн тулд хоёр зөөгч пуужин хөөргөнө. Улмаар сансрын хөлөг болон буугч аппарат залгагдаж, сансрын нисэгчид буугч аппаратад орно. Ингээд буугч аппарат Сарны гадаргуу дээр газардсаны дараа сансрын нисгэгчид судалгаа хийхээр явагч аппаратыг жолоодно. Одоогоор “Ванюү”, Таньсуо хоёрын судалгаа, хөгжүүлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна гэж CMSA мэдэгджээ.

 


相关新闻