Их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн гранприг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри ангиллын цуврал тэмцээн Монакод эхэллээ.
Тус тэмцээнд Монголын шатарчин их мастер Б.Мөнгөнтуул, Хятадын Тан Жонгуй, Оросын Александра Горячкина, Катарина Лагно, Энэтхэгийн Хюмпи Конеру, Харика Дронавали, Казахстаны Бибисара Ассаубаева, Швейцарын Алесандра Костеньюк, Испанийн Сарасадат Хадемалшарие, Германы Элизабет Пэйтз нар өрсөлдөж байна.
Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулын хувьд эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга асан Александра Костеньюктай цагаанаар тоглон хожлоо. Тэгвэл өчигдөр хоёр дахь өрөгтөө энэхүү гранприд өрсөлдөж буй 10 шатарчныг чансаагаар манлайлж байгаа Хятадын Тан Жонгуйтай хараар тоглож тэнцсэн байна. Ингэснээр 1.5 оноотой тэмцээнийг тэргүүлж эхэллээ. Гараагаа тун сайн эхлүүлж Б.Мөнгөнтуул Энэтхэгийн их мастер Хюмпи Конерутай өнөөдөрцагаанаар тоглоно.
Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө.