Их мастер Б.Мөнгөнтуул хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал Монакогийн вант улсын Монте-Карло хотод үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн гранпри нь зургаан цуврал тэмцээнээс бүрдэх бөгөөд 20 шилдэг шатарчин 10, 10-аараа гурван цуврал тэмцээнийг сонгон оролцдог системтэй. Цувралын эцэст хамгийн өндөр оноо цуглуулсан хоёр шатарчин 2026 оны дэлхийн аваргын төлөөх өрсөлдөгчийг сонгон шалгаруулах тойргийн тэмцээнд оролцдог гэдгээрээ онцлогтой. Цуврал тус бүр 80 мянган еврогийн шагналын сантай бөгөөд тухайн цувралд түрүүлсэн нь 18 мянган евро халааслах юм. Улмаар цувралын эцэст нэгдсэн дүнгээр эхний 10 байрт шалгарсан шилдэг шатарчдад энэ жил 120 мянган еврогийн шагналын сан төсөвлөжээ. Үүнээс гранпри тэмцээний титмийн эзнээр тодорсон шатарчин 30 мянган еврогийн шагнал хүртэнэ.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Монакогийн цувралын тав дахь өрөгт манай тамирчин тус тэмцээний тэргүүлэгч Екатерина Лагнотой тэнцжээ. Таван өргийн дараах байдлаар их мастер Екатерина Лагно 3.5 оноогоор ганцаараа тэргүүлж байгаа бол араас нь Энэтхэгийн тамирчин Конеру Хампи, иран гаралтай Испанийн шатарчин Сара Хадем, Монголын Б.Мөнгөнтуул нар 3.0 оноотой нэхэж байгаа юм. Одоогоор нэг ч хожигдоогүй яваа манай мастер өнөөдөр Казахстаны шатарчин Ассаубаева Бибисаратай хараас тоглоно.