Холимог тулаан 2026 оны Азийн наадмын хөтөлбөрт багтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хятадын Харбин хотод болсон Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар холимог тулааны спортыг “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэй баталжээ.
Ирэх оны есдүгээр сарын 19-нд хөшгөө нээх Азийн XX наадамд холимог тулаанчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жингийн ангиллаар өрсөлдөх аж. Энэхүү шийдвэрийг холимог тулааны спорт дэлхийд хэр хурдтай хөгжиж байгаагийн илэрхийлэл болохоос гадна Азийн тамирчдад эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөж, ур чадвараа сайжруулж, шинэ түвшинд очих боломж олгож байгааг Азийн холимог тулааны холбооноос онцолсон байна.
“Айчи-Нагоя”-гийн наадамд Азийн 48 орны баг тамирчид нийт 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд холимог тулаанаас гадна цахим спортод дөрвөн медалийн ангилал нэмэгдсэнээр нийт 11 багц медаль олгох болж буйгаараа онцлог болох юм.
Ташрамд сонирхуулахад,
ирэх аравдугаар сарын 22-нд Бахрейнд эхлэх Азийн залуучуудын III наадмын хөтөлбөрт холимог тулаан багтсан
бөгөөд 14-17 насныхан өрсөлдөх аж.