Д.Цэндмаа:Өрхийн мэдээллийн судалгааг дахин хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-26 19:13:57

Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Цэндмаатай ярилцлаа.

-Танай байгууллага шинэ бүтэц орон тоотой ажиллаж байгаа. Энэ тухай товчхон танилцуулах уу?

-Энэ оны аравдугаар сарын 03-наас эхэлж шинэ бүтэц орон тоотой ажиллаж эхэлсэн. Хөдөлмөр, халамж  үйлчилгээний газар аймгийн төвд 28 ажлын байр,сумдад 17 мэргэжилтэн, аймгийн хэмжээнд нийт  43 орон тоотой. Мэргэжилтнүүд  шинэ бүтцийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, Захиргаа хяналтын  хэлтэст харьяалагдан ажилладаг. Манай байгууллага хуучнаар Хөдөлмөрийн хэлтсийн байрлаж байсан “Соёмбо” цогцолборт  нүүж төвхнөлөө.

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ямар бодлого чиглэлийг баримталж ажиллаж байна?

-Хөдөлмөр халамж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газар, харьяа яамнаас өгөх чиглэлийг баримталж  ажиллана. Ажлаа хүлээж аваад ажиглахад  манай салбарын ажил дотооддоо л өрнөөд байдаг байжээ.

Гэтэл бид иргэд олон нийтэд үйл ажилллагаагаа сурталчлах, олон нийтэд ажлаа таниулах тал дээр дутагдалтай байгаа юм. Бидний ажил нийтэд ил тод нээлттэй байх ёстой. Ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого чиглэлийн хүрээнд  нэн  түрүүнд хэвлэл мэдээлэлд нээлттэй байх, мэдээллээ дамжуулдаг байх, сардаа нэг удаа иргэдэд зөвлөгөө өгдөг өдөртэй болохоор зорьж ажиллаж байна.

-Өмнөх Засгийн газраас  хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд цаашдаа хэрэгжих үү?

-Энэ жилийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 оны эхээр хэрэгжиж эхэлсэн 7 хөтөлбөр, нэг төслийн хэрэгжилтэд анхаарч ажиллаж байгаа. Мөн малжуулах төсөл, нийтийг хамарсан ажил үйлчилгээ, түр ажлын байр, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  зэрэг хөтөлбөрүүд хэрэгждэг юм байна.

Харамсалтай нь манай аймагт шаардлага хангасан төсөл ирээгүй учраас залуучуудыг дэмжих  чиглэлийн төсөл дорвитой хэрэгжээгүй байх юм. Засгийн газрын бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өнгөрөгч наймдугаар сараас эхлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зарим хөтөлбөрийн санхүүжилтыг зогсоосон байдаг.

Харин өнөөдөр хэвийн хэмжээнд болж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд  иргэдэд өгөх санхүүгийн өглөг багагүй хуримтлагджээ. Өөрөөр хэлбэл нийтийг хамарсан ажил үйлчилгээ, ахмад настны  зөвлөх үйлчилгээ зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн хэдий ч шаардлагатай хөрөнгө санхүү, урамшууллыг иргэдэд  олгоогүй байх жишээтэй.

-Иргэд халамж, тэтгэвэр тэтгэмжээ хугацаанд нь авч чадахгүй байна гэж  ярьж  байна?    

-Манай аймаг  орон нутгийн төсвөөсөө орлогоо бүрдүүлэхээс гадна улсад татаас өгдөг. Халамжийн чиглэлийн тэтгэмжүүд  бүгд орон нутгийн төсвөөс санхүүждэг бөгөөд  2015 оны хувьд 166 орчим сая төгрөгийн халамжийн өр хуримтлагдсан байна.

Дээрээс нь 2015 оны 6 зургадугаар сард халамжийн тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд мөн л 133 орчим  сая төгрөг өр болж нэмэгдэж байх жишээтэй. Бид аймгийн ИТХ-д  асуудал тавьж  дээрх шаардлагатай байгаа 290 гаруй сая төгрөгийг  төсвийн тодотголоор шийдвэрлүүлсэн.   Мөнгө олгож буй байдлыг анзаарахад энэ хөрөнгийг сар бүрт нь хуваарилж байгаа учир зарим иргэн мөнгөө авч чадаагүй гэх тохиолдол байна.

Наад зах нь амралт сувилалд  явсан ахмадууд мөнгөө авах гээд ирдэг. Байгаа мөнгөнийхөө хэмжээгээр халамжийг цаг тухайд нь олгож буй. Халамжийн санд хуваарилагдсан тодорхой хэмжээний мөнгийг банкинд эрхийг нь үүсгээд өгөхөөр түрүүлж ирсэн хүмүүс нь авчихаад дараагийн хүмүүс нь авч чадахгүй үлдээд байгаа юм.

Хуулийн дагуу иргэд халамжийн мөнгөө авна, олгох ч ёстой. Хэн нэгэнд өгнө, өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь халамжийн чиглэлийн  санхүүжилтийг  огт хөдөлгөөнгүйгээр эцсийн байдлаар баталж  болдоггүй  юм байна. Жишээ нь тэтгэмж авах хүний тоо дараа сард нэмэгдэхэд л  санхүүжилт дагаад өөрчлөгддөг.

 -Бүтэц  орон тооны өөрчлөлтөөр танай салбарт хэчнээн хүн ажилгүй болов?

-Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдийн хувьд хуучин бүтэц орон тоо нь хэвээрэй байгаа. Хамгийн гол нь хоёр хэлтэс ажиллаж байх үед бичиг хэргийн ажилтан, хүний нөөц зэрэг чиг үүрэг нь давхардсан орон тоог л цомхтгосон. Үндсэн ажилтнууд бүгд ажлаа хийж байна. Хүн ам ихээр  төвлөрсөн Сайншанд, Замын-Үүд суманд тус бүр хоёр мэргэжилтэн бусад сумдад тус бүр нэг, нийт 17 мэргэжилтэн  ажиллаж байгаа.     

-Өрхийн мэдээллийн нэгдсэн шинэчилсэн судалгааг дахин  хийхээр болжээ. Хэзээ хийх вэ?

-Ирэх 11 дүгээр сард өрхийн мэдээллийн нэгдсэн шинэчилсэн судалгааг дахин хийх юм. Өрхийн амьжиргааг  тодорхойлох дээрх  судалгааг 2013 онд хийж айлуудыг 20 бүлэг түвшинд хуваасан байдаг. Саяхан би өрхийн мэдээллийн судалгааны чиглэлээр сургалт оролцсон. Өрхийн амьжиргааг тодорхойлохоор айл өрхүүдийг телевизтэй, телевизгүй, будаа агшаагчтай, агшаагчгүй гээд дахин ялгах хэрэг үү гэдгийг хүмүүс асууж байсан.

Хүмүүс өрөөсгөл ойлголттой байдаг юм байна. Би ч мөн адил мэдээлэл муутай хүмүүсийн нэг байж. Нэгдсэн бүх асуулгуудыг тусгай программаар тооцдог аж. Жишээ нь судалгааны асуулгууд нь баг, сум, аймгийн  төвд өөр байдлаар өгөгддөг бөгөөд үнэлгээ дүгнэлт  нь өөр гардаг байна. Дээрх судалгаагаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохдоо  хуучных шиг түвшингээр хуваахгүй. 502.567 гэдэг хэмжээснээс доогуур үнэлэгдсэн айл өрхүүд тодорхой халамж, тэтгэмж авах бөгөөд үүнээс дээш үнэлэгдсэн өрхүүд хэвийн нөхцөлд  хамаарна.

-Хүүхдийн мөнгийг ямар журмаар олгож байгаа вэ?

-Хүүхдийн мөнгийг бэлэн ба бэлэн бусаар олгохоор төр засгийн бодлого шийдвэр гарсан.Өрхийн амьжиргааны шинэчлэгдсэн судалгааны дагуу  502.567  хэмжээснээс доогуур үнэлэгдсэн айл өрхөд хүүхдийн мөнгийг бэлэн олгоно. Үүнээс дээш хэмжээстэй айл өрхүүдийн хүүхдийн мөнгийг дансанд байршуулж 2019 оноос олгож эхлэхээр тооцож байгаа. Хүүхдийн мөнгөө  огт авахгүй гэх нь ташаа мэдээлэл. Харин бэлэн болон бэлэн  бусаар авах л асуудал бий.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Хүнд бэлэн загас бус загас барих аргыг нь зааж өгөх нь дээр гэдэг. Тиймээс  төсөл хэрхэн  бичих, яаж хөдөлмөрлөх, юуг анхаарах, ямар боломж байгаа  талаар сургалт мэдээлэл өгөх, мэдээллээр хангаж ажиллахыг нэн түрүүнд зорьж байгаа.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻