“Ирээдүйн мистер” тэмцээн 28 дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-19 10:35:57

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно.


Уг тэмцээнийг нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тэр дундаа бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих зорилгоор 28 дахь удаагаа зохион байгуулах юм. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин 15 төрөлд 30 ангиллаар өрсөлдөнө.


Энэ удаагийн тэмцээний үеэр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас допингийн сорьц шинжилгээ авах болсонтой холбогдуулан Монголын бодибилдинг, фитнессийн холбоо болон МҮДЭБ-тай тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгуулсан байна.


Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг 2006 оноос нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жил хотын даргын ивээл дор болж буйгаараа онцлогтой.





相关新闻