С.Зоригийн хэрэгт холбогдсон сэжигтнүүдийн ар гэрийнхэн гомдолтой байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭС.Зориг агсны хэрэгт сэжиглэн хорьж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн өнөөдөр олон нийтэд хандаж Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ хурлыг сэжигтэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, түүний гэргий Г.Энхбаяр болон сэжигтэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэдний мэдээлснээр дээрх хоёр иргэнийг өнгөрөгч 2015 онд ноцтой гэмт хэрэгт сэжиглэн хорьсноос хойш нэг жил хоёр сар болсон байна. Ар гэрийнхэн "уг хэрэгт холбогдсон хоёр иргэн нь С.Зоригийн хэргийг илрүүлэх бус эсрэгээрээ хэн нэг ядарсан хүмүүсийг ашиглаж, ял эдэлж байгаа Л.Амгаланбаатар гэгчийн мэдүүлгээр хэргийг тохож, улмаар хаах гэж буй үйлдэл" гэдгийг онцоллоо.
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа хүүгээ хоригдсоноос хойш хууль хяналт болон төрийн өндөрлөг, УИХ-ын түшээдэд хандан нийтдээ 51 удаа гомдол, хүсэлт өгсөн ч тодорхой хариу авсангүй гэж гомдоллов.
Тэрбээр, миний хүү Содномдаржаа 461 дүгээр ангид хоригдсоноос хойш нэг жил, хоёр сарын хугацаа өнгөрлөө. Би Булган аймгийн уугуул хүн. Нөхөртэйгөө сүү, ногооны фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг. Хүү маань фермерийн ажлын гол эзэн нь байсан. С.Зориг агсан амиа алдсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бол хадлан тариалан, мал аж ахуй эрхэлдэг бидний хувьд ид ажлын үе. Орон байраа засах, тариа ногоогоо хураах үеэр хүү маань аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тэр хоёрыгоо гэртээ ирэхэд нь будаатай цай чанаад, хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг би маш тод санаж байна. Хүүгээ энэ хэрэгт холбоогүй гэдгийг би гэрчилнэ, би өмгөөлнө. Миний хүү энэ өдөр гэртээ байсан. Харин 2014 оны сүүлээс миний хүүгийн утсанд нэр хаяггүй “Чамайг хорино, чи Зоригийн хэрэгт холбоотой биз дээ. Чамтай хамт би С.Зоригийг алсан. Чи хүлээнэ биз дээ” гэх мэт мессежүүд ирснийг нь бид цаасан дээр хэвлэж 28 хуудас болгон өмгөөлөгчид нь өгсөн. Хууль хяналтын байгууллагад ч хувилуулж өгсөн. Хуулийнхан тэр материалыг тоогоогүй. Улмаар бид манай хамар хашаанд амьдардаг байсан, хэдэн жилийн өмнө таксины жолоочийг мөчилж хөнөөсөн хэргээр шоронд хоригдсон Ц. Амгаланбаатар гэгч хүүг маань дарамтлан мессеж бичээд байсныг олж мэдсэн. 2015 оны 8 дугаар сарын 31-нд хүүг хашаандаа явж байтал хар хувцастай, маск зүүсэн хүмүүс ирээд баривчилж авч явсан. Тагнуулын байгууллага, хорих ангиас сураглаад хүүгээ олоогүй. Гэтэл дөрөв хоногийн дараа 461 дүгээр ангид хүүг минь хорьсон байсан. Би хүүтэйгээ уулзахаар гурван сар хөөцөлдөөд чадаагүй. Энэ бүхнээс үзэхэд, миний хүүг шоронгийн хоригдол Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр С.Зоригийн хэрэгт холбон шалгаж байна гэж бид үзэж байна. Энэ хугацаанд хүүгийн маань амьдрал орвонгоороо эргэлээ. Гурван нялх хүүхэд нь хэцүүдлээ. Эхнэр нь өр зээлтэй, бидний амьдрал маш хүнд байдалд орлоо гэсэн юм.
Гэргий Г.Энхбаяр "Манайх 9 сартайгаас 10 настай дөрвөн хүүхэдтэй, одоо нэг хүүхэд маань олгой авахуулж эмнэлэгт хэвтсэн. Бидний амьдралыг хуулийнхан анхаарч үзээсэй" гэв. Сэжигтэн Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар "Амгаланбаатар гэх хүнийг манай дүү Чимгээгийн нөхрийн талын өвгөн, хөгшин хоёр өргөж авсан байдаг. Ингээд хүн амины хэргээр 25 жилийн ял авч, шоронд орсныхоо дараа манай дүү Чимгээ рүү дарамталсан мессеж их ирүүлдэг болсон ч тэрийг тоодоггүй байсан. Гэтэл дүүг маань өнгөрсөн жилийн 8 дугаар сард Эрдэнэтийн гудамжинд явж байхад нь баривчилсан. Гурав хоног эрж хайсны эцэст тагнуулынхан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Бидний ойлгосноор дүүг маань Ц. Амгаланбаатар гэгчийн гүтгэлгээр энэ хэрэгт хүчээр холбогдуулж байгаа бололтой. Манай дүүгийн хувьд С.Зоригийн хэрэг гарах үед нялх нойтон хүүхэдтэй байсан. Ийм хүн тийм том хэрэг хийгээд явж байх уу? Дүүг баривчилснаас хойш биднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхийг хориглосон. Бид эхний жилдээ хууль, хяналтын байгууллагыг хүндэтгэсэн. Асуудал шийдэгдээд, гарах байх, болох байх гэж хүлээсэн. Одоо бид аргагүйн эрхэнд хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандаж байна. Хараад байхаар хэргийг илрүүлэх бус, хэн нэгэнд үүрүүлэх гэсэн ажиллагаа явж байна. Тэгэх тэгэхдээ хэргийг ядарсан бидэнд үүрүүлж, ямар нэгэн аргаар хаах сонирхол хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд байна. Миний ээж 75 настай хөгшин Дорноговь аймагт амьдардаг. Энэ хөгшний гэрийг нэгжих гэж дөрвөн том хар машинтай, 20 орчим залуус очсон байгаа юм. Ганцхан шовгор гэрт хэдэн хүн хэрхэн аж төрж буйг тагнуулынхан өөрсдөө хангалттай мэднэ. Тэгэхээр зүгээр л айлгаж, ичээж, дарамталж асуудлыг шийдэх гэж байгаа байдал шууд харагдаж байна. Одоо манай дүүгийн ар гэрийнхэн, Содномдаржаагийн талынхны утсыг байнга чагнаж, машин тэрэг үргэлж дагаж явдаг болсон. Энэ бүхэн хэрээс хэтэрч байна гэв.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг холбогдуулан шалгаж 10 сар шахам хугацаанд хорих ангид цагдан хорьсны эцэст түүнийг батлан даалтад гаргаад байгаа. Мөн сар гаруйн өмнөөс уг хэргийн сэжигтнээр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг холбогдуулан байцаалт авч, шалгаж эхэлсэн байдаг. Энэ сарын 25-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж саатуулан баривчилсан. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ" гэсэн мэдээллийг өгсөн.
Ж.Батсайхан