СХД-т газар чөлөөлөлтөд хамрагдахгүй өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-19 14:16:29

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүдэд ногоон бүсийг тогтоож, түлшний хэрэглээг бууруулж газ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр болсон.


Үүнтэй холбоотой нийслэлээс олон улсын байгууллагуудтай хамтарч гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 31, 43 дугаар хорооны зургаан өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэж өрхийн зуух, түлшний хэрэглээг бууруулжээ.


Дээрх сайн жишгийг бусад хорооны өрхөд нэвтрүүлэх зорилгоор газар чөлөөлөлтөд хамрагдаагүй өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах аж. Тодруулбал, “Нүүрснээс нар руу” төслийн хүрээнд тус дүүргийн 3, 6, 7, 8, 23, 26, 30, 36, 31, 43 дугаар хорооны шалгуур хангасан айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулах юм байна. Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулахаар болсон. Тэгвэл дээрх газар чөлөөлөлтөд хамрагдахгүй хороодын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.


Энэ талаар СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр, “Ногоон бүсэд багтаж буй хороодод LPG, цахилгаан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэхээр болсон. Бид энэ бүсэд хамаарахгүй байгаа хороодын түлшний хэрэглээг бууруулах зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлнэ. Ингэхийн тулд хорооноос шалгуур хангаж буй айл өрхийн судалгааг төсөл хэрэгжүүлэх нэгжид өгч хамтран ажиллах нь чухал. Тиймээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж санал солилцож байна. Өмнө нь хоёр хороонд амжилттай хэрэгжсэн дээрх төслийг олон хороонд нэвтрүүлж,  хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна” хэмээн ярив.

相关新闻