ДАРХАН-УУЛ: Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 76 дуудлага мэдээлэл иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн тусламжийн 108 дугаарт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 76 дуудлага, мэдээлэл иржээ. Уг дуудлага мэдээллийг хүчирхийллийн хэлбэрээр ангилбал хүүхдийг үл хайхрах хүчирхийллийн тухай 39, сэтгэл санааны хүчирхийллийн 23, бие махбодын хүчирхийллийн 12, бэлгийн хүчирхийллийн хоёр мэдээлэл бүртгэгджээ.
Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 18 хүртэлх насны хүүхдүүд өөрийн эрх хэрхэн зөрчигдөж буйг мэдээлдэг. Эрх нь зөрчигдсөн хүүхдийн мэдээллийг ангилж, шаардлагатай тусламжийн үйлчилгээг үзүүлж, хүүхдийн аюулгүй байдал, хамгаалуулах эрхийг хамтарсан багийн тусламжтайгаар ханган ажиллаж байна.
Дээрх дуудлага мэдээллийн дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулбал үл хайхрах хүчирхийлэл 51 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж буй шалтгаан, хүчин зүйл нь эцэг, эх, асран хамгаалагч нь архи, согтууруулах ундаа, хорт зуршлаас шалтгаалан хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэж дүгнэжээ.
Сэтгэл санааны хүчирхийлэл мөн адил. Эцэг эх асран хамгаалагч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүүхдийн дэргэд ёс бус үг хэрэглэх, доромжлох, маргалдах, зодолдох, гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байгаа нь үл хайхрах болон сэтгэл санааны хүчирхийлэл болж буйг онцолж байна.
Хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдыг хорт зуршлаасаа татгалзах, эцэг, эх байх үүргээ ухамсарлаж, хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сайжруулахыг сэтгэл зүйчид уриалж байна.
Ташрамд, хүүхдийн
тусламжийн 108 дугаарт 2024 онд 368
дуудлага бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийг хүлээн авч, оршин суух хаягийн дагуу хамтарсан баг хүүхдийн гэрт очиж гэр бүл болон
хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж үнэлгээнд суурилсан хүүхэд хамгааллын хариу
үйлчилгээг төлөвлөн ажиллажээ.