ДАРХАН-УУЛ: Нийт хүн амын ес орчим хувь нь төв номын сангаар үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-23 14:25:41

Дархан, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.  Аймгийн төв номын сан уншигчийн 120 суудалтай хоёр салбарт соёл, олон нийтийн ажил, уралдаан тэмцээн, чанга уншлага, тойм яриа болон уншлагыг нэмэгдүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, илтгэл, бүх нийтийн соёлын боловсролын хүрээнд номын сангийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Уншлагын танхимаар үйлчлүүлэх иргэдийн тоо сүүлийн хоёр жилд нэмэгдэж байна. Учир нь цар тахлын үе болон түүний дараа харьцангуй бага үйлчлүүлэгчтэй болсон байна. Тиймээс номтой нөхөрлөх, номын ач тусыг сурталчлан таниулах ажлыг номын санчид цахимаар хийсэн нь эргээд уншигчийн тоо нэмэгдэхэд нөлөөлсөн байна.


Уншигчийн үнэмлэхийг хүүхэд хоёр мянга, оюутан насанд хүрэгчид гурван мянган төгрөгөөр нээлгэдэг бол өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна.




Өнөөдрийн байдлаар төв номын санд уншигчийн карт нээлгэж байнгын үйлчилдэг зургаан мянга орчим үйлчлүүлэгчтэй бөгөөд ирц, ном олголт 60 орчим хувьтай байна. Үйлчлүүлж буй иргэдийг нийт хүн амьтай харьцуулахад маш бага бөгөөд 8-9 хувьд нь хүрч ажиллаж байна гэв.


Энэ нь уншигчийн суудал бага, олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа зохион байгуулахад төв номын сангийн байр жижиг, олон хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжгүй гэдгийг тодотгож байна.




Уг байдал нь аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд хүртэл нөлөөлдөг бөгөөд уншигчдын суудал нь бага соён гэгээрүүлэх чиглэлийн үйл ажиллагааны үзүүлэлтээр доогуур үнэлэгдэх тохиолдол бий гэв.


Гэсэн хэдий ч суудал бага гэж суухгүйгээр уншигчдынхаа оролцоог нэмэгдүүлэх үүднээс хоёрдугаар салбартаа Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын 130 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр бүрэн засвар хийж, орчин үеийн шийдэл бүхий орчныг бүрдүүлж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан ажиллаж байна:.

 


Төв номын сангаар үйлчлүүлж буй нийт үйлчлүүлэгч, гишүүдийн 70 орчим хувийг ЕБС-ийн сурагчид, үлдсэн 30 гаруй хувийг насанд хүрэгчид эзэлдэг байна.

 


Өнөөдрийн байдлаар таван сая төгрөгийн төсөв жилдээ хуваарилагдаж номын баяжилт хийх болон бусад үйл ажиллагаанд зарцуулагддаг гэнэ. Нийтийн номын сан гэдэг утгаараа өдөр тутмын сонин, хэвлэл тогтмол захиалах  үлдсэн гурав орчим сая төгрөгөөр номын баяжилт хийдэг байна. Энэ нь жилдээ 70-100 ширхэг ном авахад л хүрэлцдэг гэж аймгийн төв номын сангийн захирал Б.Цэцэгсүрэн мэдэгдлээ.



Нийт үйлчлүүлэгчдэдээ цахим системд орсон 55.000 орчим номоор үйлчилдэг бөгөөд иргэн өөрийн хайж буй номоо цахимаар захиалах, номын мэдээлэл харах, аль салбарт байгаа эсэхийг харах боломжтой гэнэ.

Ташрамд музей, номын сангийн цогцолбор баригдаж байгаа хэдий ч хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус байна.

 

相关新闻