10 иргэн түрээсийн орон сууцанд орохоор боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын А\448 дугаар захирамжаар “Түрээсийн орон сууц” олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, энэ сарын 27-нд залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эхийн төлөөлөлд түрээсийн орон сууц олголоо.
Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоол, БХБЯ-ын сайдын 28 дугаар тушаал “Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг үндэслэн дээрх ажлыг зохион байгуулсан юм. Уг журмын дагуу Орхон аймаг Дэнж багт байрлах “Баян-Өндөр” хорооллын 40 айлын орон сууцыг “Түрээсийн орон сууцны сан”-д бүртгэж, ЗДТГ-т ирсэн 400 гаруй өргөдлөөс журамд нийцсэнийг нь сугалаанд орууллаа.
Тодруулбал, залуу гэр бүлээс 9, өрх толгойлсон эцэг, эх 9, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 14 иргэнийг сонгож сугалаанд хамрууллаа. Сугалаа явуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Батжаргал, Баян-Өндөр сумын иргэн н.Сайнбуян болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Сугалаагаар залуу гэр бүлийн төлөөллөөс 4, өрх толгойлсон эцэг, эхийн төлөөллөөс 4, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс 2 иргэн 31.2-38.9 м.кв талбай бүхий 1-2 өрөө орон сууцыг 5 жилийн хугацаатай түрээслэхээр боллоо. Эдгээр иргэн түрээсийн барьцаа хөрөнгө буюу гурван сартай тэнцэх хэмжээний түрээсийн төлбөрийг “Эрдэнэт сан”-д эхлээд төвлөрүүлж орон нутгийн “Өмчийн харилцааны газар”-тай гэрээ байгуулан ажиллана.
Орон сууцны түрээсийн төлбөр 1 м.кв талбайн үнийг 4000 төгрөгөөр тооцож 31.2 м.кв талбай бүхий нэг өрөө байр 124 мянган төгрөгийн түрээсийн төлбөртэй байна. Ирэх бямба гариг буюу 30-нд төрийн албан хаагч, өндөр настан, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон хувийн байгууллагад ажиллаж буй иргэдэд орон сууц олгох сугалаа ЗДТГ-т болно.
Б.Оюун-Эрдэнэ