ДАРХАН-УУЛ: Атрын IV аяныг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын санаачилсан “Атрын IV” аян хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, “Атрын IV аян”-ыг албан ёсоор эхлүүлж буйг зарлалаа.
“Атрын IV” аяны хүрээнд болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд газар тариалан, хөдөө аж ахуйн 600 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцлоо.
"Атрын IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 5 үндсэн зорилт, 12 арга хэмжээний хүрээнд 63 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү аян нь дэвшилтэт технологид суурилсан, дотоодын хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох зорилготой.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжиж буй залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулах бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр зөвлөгөөний индрээс “Атрын IV аян”-ы хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалалтын хэмжээ, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас хөрс хамгааллын бодлогоо шинэ түвшинд гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй хамтран хөрсний үржил шимийг хамгаалан, ойн зурвас байгуулна. Таримлын зохистой сэлгээ, технологийг үе шаттай нэвтрүүлж, ургамал хамгааллын цогц ажлыг төлөвшүүлнэ гэв.
Мөн үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэхийн зэрэгцээ усалгааны дэвшилтэт техник, технологийг суурьшуулснаар нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлж үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг тодотголоо.
Эрчимжсэн мал аж ахуйн салбарт мянган ашиг шимт үхрээр мал сүргээ баяжуулан, махны болон сүүний кластер бий болгоно. Энэхүү аяны нэг томоохон ажил нь эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх юм. Үндсэндээ тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлд хувьсгал хийнэ. Малчин тариаланчдыг үйлдвэрлэгчидтэй шууд холбох нэгдсэн сүлжээ бий болгож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүх оролцогчдыг хамтран хөгжих цогц хөдөлгөөн өрнүүлнэ.
Эцэст нь Монгол Улс хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, экспортод чиглэсэн XXI зууны хөдөө аж ахуйг бий болгох зорилтыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өнөөдөр нэг тэрбум ам.долларын экспорт хийж байгаа бол “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” болон “Атрын IV аян” гэсэн өөр хоорондоо уялдаатай хөтөлбөрүүдийн дүнд хоёр тэрбум ам.долларын экспорт хийж чадна” гэдгийг тэмдэглэлээ.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо.











