Цастай уулын гүйлтийн ААШТ-ээс Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-07 14:21:04

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Японы зүүн хойд хэсэгт байрладаг Цүмагой цанын баазад цастай уулын гүйлтийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж, манай улс хос алтан медаль хүртлээ.


Тодруулбал, тус тэмцээнд манай улсаас 2023 оны цастай уулын гүйлтийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын аварга Н.Лувсаншарав оролцож хос алтан медаль хүртэв. Тэрбээр вертикал 3.5 км, 610 метрийн зайд 28 минут 10 секундийн амжилтаар эхний алтан медалиа гардсан юм. Үүний дараа классик 10 км, 850 метрийн зайд 52 минут 02 секундээр дахин түрүүлэв. Ингэснээр Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд хоёр удаа төрийн дууллаа эгшиглүүллээ.


Уг спорт нь цастай уулын замд тамирчдын тэсвэр, тэвчээрийг сорьдгоороо онцлогтой. Хоёр жилийн өмнө залуучуудын ДАШТ-д түрүүлж байсан түүний хувьд Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ Говь-Алтай аймгийн уулархаг бүсэд хийсэн бөгөөд энэхүү тэмцээнд түрүүлснээрээ 2025 оны финалын шатны уралдаанд оролцох эрхтэй болжээ.


Сүүлийн жилүүдэд цастай уулын гүйлт дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа нэгэн шинэ төрлийн спорт юм. Ялангуяа Азийн Монгол, Япон, Солонгос, Австрали болон Европын орнуудад эрчимжиж байна. 







相关新闻