ОРХОН: Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-10 11:29:41

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийн энэ удаагийн эрүүл мэндийн хяналтат үзлэг дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхэллээ.


Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хамтран цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсаар ирсэн.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн технологийн хаягдал булинга хаягдлын санд элс болон хуримтлагдаж, эндээс дэгддэг цагаан тоос ойр орчмын бүсэд суурьшдаг иргэдийн ахуй байдалд таагүй нөлөө үзүүлдэг. Сүүлийн үед эрүүл мэндийн энэхүү үзлэгийг тогтмолжуулж жил бүр зохион байгуулж байна.


Өнгөрсөн жил Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой, Дулаан-Уул, Жаргалант, Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил багийн 1866 иргэн эрүүл мэндийн энэхүү үзлэгт хамрагдсан бөгөөд эндээс уушгины эмгэгтэй, архаг суурь өвчлөлтэй, эрсдэлтэй дүгнэгдсэн 500 хүнийг сонгон энэ жил хяналтат үзлэгт хамруулж байгаагаараа онцлог болж байна. 


Хяналтат үзлэгийн хүрээнд компьютер томограф болон хэвлийн хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг зэрэг нарийн үзлэг оношилгоо хийхээс гадна мэдээллийн сан үүсгэх, судалгаа боловсруулалтын ажлуудыг давхар хийж байгаа юм.


2024 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан цагаан тоосны нөлөөллийн бүсийн иргэдийн 67 хувь нь илүүдэл жинтэй, үүнээс улбаалсан зүрх судасны өвчлөл үүсгэх артерийн даралт ихсэх, цусны өөх, тосны үзүүлэлт, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлс өндөр байгаа тул үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрсдэлээс хамгаалах арга замуудыг таниулах, урьдчилан сэргийлэх дадлыг төлөвшүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ.

Иймээс тус багуудад эрүүл мэндийн өдөрлөг, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


相关新闻