Б.Уранчимэг: Санаа нийлсэн хүмүүс хоршоод ажиллахаар их зүйлийг хийж бүтээдэг юм байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-11 15:28:04

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Их цүнхэг” хоршооны менежер Батчулууны Уранчимэгтэй ярилцлаа. Тус хоршооны гишүүд мах, сүү, цагаан идээгээ ченжийн гар дамжуулахгүйгээр малчны хотноос аймгийн төвийнхөнд худалдаж байна.


-Хоршооныхоо талаар товч танилцуулна уу?

-Манай хоршоо мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улаангом сумын 2 дугаар багийн 9 малчин өрх хамтраад 18 гишүүнтэйгээр “Их цүнхэг” хоршоог өнгөрсөн оны 6 дугаар сард байгуулсан. Хоршоонд маань улсын аварга малчин өрх нэг, аймгийн аварга малчин өрх гурав, сумын аварга малчин өрх хоёр байгаа. Бид хоршоо хөгжүүлэх сангийн зээлээс 220 сая төгрөгийн дэмжлэг аваад анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайлбал, дэлгүүрийн зориулалттай байр барьж, хөргөгч, хөлдөөгч, лангуу гэх мэт хэрэгтэй зүйлсээ худалдаж авсан. Мөн хоёр ажлын байр барьж, зарим шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авсан.


-Ямар бүтээгдэхүүнүүд хийж байгаа вэ?

-Үхрийн махыг гэхэд машиндсан, хэрчсэн, нарийн, бөөрөнхий, котлет, гуляшны мах, зүссэн мах, цул мах зэргээр яг хоол хийхэд бэлэн болгоод савлаад гаргадаг. Мөн булууны яс гаргаж байгаа. Хонины махыг хаа, гуяар нь салгаж жижиглээд савлаад зарж байна. Мөн захиалгаар Улаанбаатар хот болон хөдөө сумд руу явуулж байгаа.


-Үнэ ханшийн хувьд ямар вэ?

-Хонины мах кг нь 13 мянга, үхрийн мах 14-16 мянга хооронд борлуулж байна. Бөөрөнхий мах кг нь 18 мянга. Мөн толгой, шийр, тагалцаг зэргийг хуйхлаад чанахад бэлэн болгоод савлаад худалдаж байна. Мөн чихрийн шижин, нойр булчирхай өвддөг хүмүүсийн зөв хооллолтод зориулан гүзээ сархинаг, хоёрдугаар гурилаар хийсэн бууз худалдаж байна. Хонь, үхрийн махтай бууз 15 мянга, адууны махтай бууз 14 мянга, гүзээний бууз 10 мянга, банш 15 мянгаар худалдаж байна. Хонины толгойг хуйхлаад, угааж цэвэрлээд чанахад бэлэн болгочихдог. Нэг толгой 8 мянга, хонины шийр 4 ширхэг нь 4 мянган төгрөгийн үнэтэй, үхрийн тагалцаг жижиглээд савлачихсан 10 мянгаар худалдаж байна.

Манай хоршоо хоёр ажлын байртай. Нэг ажлын байрандаа махаа шулж, жижиглэж бэлдээд, нөгөө өрөөндөө савлаж, бууз, баншаа хийж, хөргүүрт хөлдөөгөөд дэлгүүрт ирэхэд бэлэн болгодог.

Бид малын дайвар бүтээгдэхүүнийг бас худалдан борлуулж байна. Дайвар бүтээгдэхүүнүүд нь хүний биед зайлшгүй хэрэгтэй амин дэмүүдийг ихээр агуулдаг. Үхрийн гүзээ, хонины гүзээ, сархинаг зэргийг цэвэрлэж савлаад борлуулдаг. Энэ нь нойр булчирхай өвддөг, сахартай хүмүүст сайн гэж үздэг.

Хэрчсэн гурилын цех маань удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ. Бууз, баншаа одоохондоо гараар хийж байгаа. Яваандаа зохиулалтын машин авна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд хэвийн ааруул, бяслаг, хорхой ааруул, сүү, өрөм, тараг, ээзгий гэсэн нэр төрлөөр хийж байна. Бид энэ өвлийн турш сүүн, сүүн бүтээгдэхүүн хийж борлуулсан. Одоо дулаарахаар цагаан идээний төрөл улам нэмэгдэнэ.

Үүнээс гадна манай хоршооны нэг гишүүн гэрийн боорцог, гамбир хийж байгаа. Хоршооны гишүүдийн хийсэн бүх бүтээгдэхүүнийг нэгтгээд дэлгүүр дээрээ худалдан борлуулж байна.


-Малчид хоршоо байгуулаад ажиллах нь хэр үр дүнтэй байна вэ?

-Ганц ганцаараа ажиллаж байснаас сэтгэл санаа нийлсэн хүмүүс хамтраад хоршоод ажиллахаар маш их зүйлийг хийж бүтээж болдог юм байна гэдгийг өөрсдийнхөө жишээн дээрээс харж байгаа. Өнгөрсөн намраас эхлээд зээлийнхээ хүүг төлсөн бол 6 дугаар сараас үндсэн зээлээ төлнө. Ямартай ч гишүүн тус бүр мал маллахын хажуугаар тус тусын хариуцсан ажлаа хийгээд явж байна. Цаашдаа бид ноос ноолуур, арьс шир боловсруулах тал дээр анхаарч ажиллахаар ярьж тохирсон.

Бид эрүүл ахуйн шаардлага хангасан, ченжийн гар дамжаагүй мах махан, сүү сүүн бүтээгдэхүүнээр Улаангом сумынхаа иргэдэд үйлчилж байгаадаа баяртай байгаа.

-Танд баярлалаа.

 

相关新闻