ХӨВСГӨЛ: Шороон шуурганд гэмтсэн камеруудыг засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн баасан гарагт болсон шороон шуурганы улмаас Мөрөн сумын камерын байршлуудад гэмтэл гарч, төв сервер дээр алдаа заасан байна.
Гарсан гэмтлийг засварлаж хэвийн горимд оруулахаар Теле камерын хяналтын дэд төвийн дарга Д.Цэрэнпүрэвээр ахлуулсан инженер, техникийн 6 алба хаагч ажиллаж байна.
Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой Теле камерын хяналтын дэд төв ажилладаг.
Тус төвд Мөрөн сумын 40 байршилд 135 камерыг холбож инженер, техникчид 24 цагаар хянаж, он гарсаар 1584 зөрчил илрүүлэн Цагдаагийн байгууллагаас
зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.