ОУОХ-ноос “Лос-Анжелес-2028” зуны олимпын хөтөлбөрийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-14 15:08:19

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлөөс “Лос-Анжелес-2028” наадмын хөтөлбөр, тамирчдын квотыг албан ёсоор баталжээ.


Энэ удаагийн олимпын наадам нь нийт 351 медалийн тэмцээнтэй бөгөөд энэ нь “Парис-2024” олимпын наадмаас 22-оор  илүү байх юм. “Лос-Анжелес-2028” олимпыг зохион байгуулах хорооноос санал болгосон таван спортын төрөлд нэмэлт 698 квот хуваарилсан байна. Түүхэнд анх удаа багийн спортын бүх төрөлд эрэгтэйчүүдтэй ижил тооны эмэгтэй баг байхаар тогтлоо.


Манай улсаас олимпын наадамд оролцох боломжтой 3х3 төрөлд олгох эрхийн тоог 12 болгосон. Өөрөөр хэлбэл, өмнөх олимпуудад эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг л эрхээ авч өрсөлддөг байсан бол Лос-Анжелесын олимпоос эхлэн 12 болж өргөжжээ. Энэ нь 3х3 төрөл хөгжсөн орнуудад илүү боломж олгож байгаа юм.

相关新闻