ОРХОН: Эрдэнэт хотын хөшөө дурсгал “Найрамдал” өндөрлөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд Эрдэнэт хот үүсэн байгуулагдсан 47 жилийн түүхийг гэрчлэх 40 гаруй хөшөө дурсгал бий.
Монгол-Зөвлөлтийн найрамдлыг Эрдэнэт хотын удирдлагууд 1981 оны 12 дугаар сард хоёр орны хамтын ажиллагааг бэлгэдэн "Найрамдал" дурсгалын цогцолборыг барих шийдвэрийг гаргаж, 1986 оны нэгдүгээр сарын 10-нд Эрдэнэтийн 10 жилийн ойгоор анхны шав тавьжээ.
1987 оны зун Монгол-Зөвлөлтийн залуучуудын найрамдлын VIII их наадмын үеэр Д.Майдарын зураглалаар "Найрамдал" өндөрлөгийг босгож, бүхэлд нь нээжээ. "Найрамдал" өндөрлөг далайн түвшнээс 1340 метрийн өндөрт 1,7 га талбайд оршдог. Хоёр гар дээр өргөгдсөн, үйлдвэрийн том араа нь Монгол-Зөвлөлтийн ард түмний хамтын хүч, хөдөлмөрөөр бий болсон их бүтээн байгуулалтыг бахархан бэлгэдсэн утгатай юм. Уг хөшөөг 2010, 2014, 2015 онд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн засвар механикийн заводын засварын цехийн ажилчид сэргээн засварлажээ.
Тэд 1 м диаметр, 7-10 см зузаантай гууль болон зэсэн хавтгайгаар үйлдвэр болон Эрдэнэт хотын лого, одон тэмдгийг урлаж, араануудын дунд байрлуулан гоёжээ. 2014 онд МУСТА зураач Л.Төмөрийн хүсэлтийг дэмжиж, өндөрлөгийн арааны дотор талд 3 зураачийн бүтээлээр Монголын Улсын төрийн сүлд, 2 орны ард түмний бэлгэдэл мөнгөн аягатай сүү, хадаг барьсан монгол эмэгтэй, болон давс, талх барьсан орос эмэгтэй, Монгол Зөвлөлтийн ажилчин залуус, төрийн шагнал, монгол ахуй, үйлдвэрийн сэдэвт 30х60 хэмжээтэй, Орос, Монгол, уурхайчдын эв найрамдал бүтээлч хөдөлмөрийг бэлгэдсэн шигтгэмэл чимэглэлийг плитагаар хийж гоёсон байна.
Өндөрлөгийн өмнө "Найрамдал-Дружба" гэсэн бичээс байдаг бөгөөд өндөрлөгийг тойруулан хийсэн дугуй талбайд сандал байрлуулж, цогцолборын эргэн тойронд түүхэн үйл явдалын зураг, чимэглэл бүхий самбарууд босгож, тод тарьж цэцэрлэгжүүлэлт хийж тохижуулсан. Энэ цогцолбор "Эрдэнэт үйлдвэр" Эрдэнэт хот орох замын хойд талд хүний нүдэнд ил харагдах газарт байрласан байдаг юм.