ДАРХАН-УУЛ: Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ААНБ-уудтай гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ХХААХҮЯ болон Сангийн сайдтай байгуулсан гэрээний хүрээнд энэ жил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас анх удаа Дархан-Уул аймгийн дөрвөн суманд нийт 10.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор хуваарилсан юм.
Зээлийн сонгон шалгаруулалтаар 56 ААНБ-д 8.9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны тогтоол гарч, тогтоолыг аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газраас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 33 ААНБ-тай зээлийн гэрээ байгууллаа.
Сонгон шалгаруулалтыг нийт гурван үе шаттай зохион байгуулж нэгдүгээр шатанд 94 ААНБ хүсэлт ирүүлснээс 57 байгууллага хоёрдугаар шатанд тэнцэж, нэг аж ахуй нэгж оролцох боломжгүй болсноор 56 ААН гуравдугаар шатанд оролцож тэнцсэн байна.
Зээлийн хугацаа, хүүгийн нөхцөл болоод сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулсан нь бизнес эрхлэгчдэд таатай байсан гэв.
Үлдсэн 1.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг дахин зарласан. Зээлийн хүсэлтийг энэ сарын 14-нөөс тавдугаар сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авна.
Тухайн зээлд хамрагдаж буй ААНБ-ууд ахуйн үйлчилгээ, худалдааны төв, гутлын үйлдвэрлэл, гар урлал, эсгий урлал зэрэг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэлээр хүсэлтээ ирүүлж ийнхүү гурван шатны шалгаруулалтад тэнцэж хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болж гэрээгээ байгууллаа.