ХАМАС гал зогсоох саналыг хүлээн авахаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-04-16 15:03:19

ЙЕРУСАЛИМ, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /BBC/. Газын зурваст зургаан долоо хоногийн хугацаанд гал зогсоох тухай Израилын саналд ХАМАС бүлэглэл татгалзсан хариу өгчээ. Израилын тал зэвсгээ хураалгахыг тус зэвсэгт бүлэглэлээс шаардсан байна. 


Хэлэлцээний талаар мэдээлэл бүхий Палестины өндөр албан тушаалтны хэлснээр, уг төлөвлөгөөнд барьцаанд байгаа хүмүүсийн тал хувийг сулласны хариуд ХАМАС-ын зүгээс тавьж буй үндсэн шаардлагууд болох дайныг зогсоох, Израилын цэргийг татан гаргах тал дээр ямар ч  амлалт өгөөгүй байна.  


Израилын тал Газын зурваст дайралтаа үргэлжлүүлсээр байгаа үед дээрх мэдээлэл цацагджээ. Хан-Юнис хотын хээрийн эмнэлэгт агаараас цохилт өгсний улмаас хамгаалалтын ажилтан амиа алдаж, есөн хүн шархадсан байна. Харин Израилын Батлан ​​хамгаалах хүчин мэдэгдэхдээ, ХАМАС-ын салбар ангийн толгойлогчийг онилон цохилт өгсөн гэжээ.


Үүний зэрэгцээ НҮБ-ын нэгэн агентлаг мэдэгдэхдээ 18 сарын өмнө байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдал хамгийн ихээр хүндэрлээ гэсэн байна. Израилын тал Палестины нутаг дэвсгэрт ямар ч хангамжийг нэвтрүүлэхийг хориглосноос хойш зургаан долоо хоног өнгөрчээ.


Газын зурваст удаан хугацаанд хүрэлцэх хангалттай хоол хүнс байгаа гэж Израилын мэдэгдсэнийг НҮБ-ын агентлагууд эрс няцааж, Газыг бүсэлсэн нь олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзжээ. Харин Израилын Ерөнхий сайд хэлэхдээ, ханган нийлүүлэлтэд хориг тавьсан нь барьцааны хүмүүсийг суллаж, гуравдугаар сарын 1-нд дууссан гал зогсоох хэлэлцээрийг сунгахыг ХАМАС бүлэглэлийнхээс шаардах зорилготой гэлээ.

 



相关新闻