НҮБ-ын хоригийг 10 жилийн дараа сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-28 19:28:10

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 28 /ВВС/. Ираны эсрэг хоригийг сэргээхийг зургаан сараар хойшлуулах тухай ОХУ, БНХАУ-ын санал болгосон тогтоолын төсөл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд дэмжигдээгүй тул Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээ бямбаас ням гарагт шилжих шөнө дахин үйлчилж эхэллээ.  


Тодруулбал, цөмийн хөтөлбөрийг нь хязгаарласны хариуд хоригийг цуцлах тухай 2015 оны хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Ираны тал биелүүлэхгүй байгаа тул Аюулгүйн Зөвлөл хоригийг сэргээх асуудлаар санал хураалт явуулсан юм. 15 гишүүн улсаас бүрддэг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг батлахын тулд 9 улс дэмжсэн санал өгч, Их Британи, Франц, АНУ-ын зүгээс тогтоолд хориг тавихгүй байхад хангалттай байв.


Үүний өмнөхөн баасан гарагт болсон санал хураалтаар Орос-Хятадын тогтоолыг 4 улс дэмжиж, 9 улс эсэргүүцэж, 2 улс түдгэлзсэнээр ийнхүү хоригийг сэргээх шийдвэр гарлаа.


НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Дороти Ши хуралдааны үеэр үг хэлэхдээ “Ираны тал Европын гурвал буюу Герман, Франц, Их Британийн тавьсан гол асуултуудад хариулт өгөөгүй учраас хоригийг сэргээх нь ойлгомжтой байсан, гэхдээ асуудлыг шийдвэрлэх дипломат арга зам нээлттэй хэвээр байна” гэв.  


Оросын тал мэдэгдэхдээ, Москва, Бээжингийн хүчин чармайлт бүтэлгүйтсэн боловч Ираны эсрэг НҮБ-ын хоригийг ямар ч байдлаар буцаан сэргээхгүй гэжээ.


Хоригийн хүрээнд Иран улсад зэвсэг нийлүүлэх, уран баяжуулах, боловсруулах ба цөмийн цэнэгт хошуу тээх чадах баллистик пуужинтай холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн Ираны албаны хүмүүсийн зорчих эрхийг хязгаарлах, тус улсын хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн хөрөнгийг царцаах, Ираны цөмийн хөтөлбөрт ашиглагдаж болох бүх зүйлийг нийлүүлэхийг хориглох талаар тусгасан байна.


Түүнчлэн уран олборлох, цөмийн материалууд ба технологийг эзэмшихтэй холбоотой үйл ажиллагааг бусад улстай хамтран явуулахыг хоригложээ.


Бямба гарагт Ираны тал зөвлөлдөөн хийхийн тулд Их Британи, Франц, Германд суугаа элчин сайдуудаа дуудсан байна. 

相关新闻