ЗАВХАН: Хачгаар дамжих халдварын идэвхтэй үе 4-10 дугаар сар байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хачгийн идэвхжилтийн үе эхэлсэнтэй
холбоотой хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт
өвчнөөс сэргийлэхийг Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс зөвлөв.
Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 дугаар сарын турш бүртгэгддэг.
Завхан аймгийн
хувьд ойт хээрийн бүсийн Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр сумын нутаг хачгаар
дамжих халдварын байгалийн голомттой. Энэ бүсэд хачигт риккетсиоз, хачигт
боррелиозын өвчлөл бүртгэгдэж байсан юм.
Мөн сүүлийн гурван жилд хачигт хазуулж эмнэлэгт хандаж эмчлүүлсэн 280 гаруй хүүхэд, насанд хүрэгчид бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хандаагүй хэдэн хүн байгааг мэдэхгүй байна. Гэхдээ хазуулсан хүн олон бий байх. Эмнэлэгт хандсан тоо жил бүр нэмэгдэж байгаа учраас тэр юм. Тиймээс хачигт хазуулсан бол заавал эмнэлэгт хандахыг иргэдэд жил бүр зөвлөж байна. Одоогоор хачигт хазуулсан гэж эмнэлэгт хандсан хүн бүртгэгдээгүй байна.
Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан яг одоо эхэлж байгаа учраас бид цахим сүлжээ ашиглан иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгч байна. Мөн хачигт халдварын голомттой бүс нутгуудад урьдчилан сэргийлэх, тандалт, сургалт сурталчилгааны ажлыг хийж эхэлсэн байна.
Өнгөрсөн жил бид хойд бүсийн сумдын 430 гаруй хүнд галзуу өвчин, хачигт халдварын талаарх мэдлэг өгөх сургалтыг хийсэн. Сумдын үйлчилгээний байгууллагуудад зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж зурагт хуудас тарааж иргэдийг мэдээллээр хангасан юм. Хээрийн бүс бүслүүрийн Асгат, Баянхайрхан сумын нутагт байгалийн голомтын судалгаа, шинжилгээг хийсэн.
Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын байгалийн голомттой. Ялангуяа Завхан гол орчимд хачгийн нягтаршил их байна. Тиймээс эдгээр нутгийн хүн амд урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг давтан зохион байгуулахаар ажиллаж байна.
Хачигт хазуулснаар толгой өвдөх, биеэр туурах, халуурах, үе мөч, булчин өвдөх, тунгалгийн булчирхай, захын мэдрэл үрэвсэх зэрэг 10 гаруй шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулснаас хойш 1-30 хоногийн дотор дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Мөн хачгийн тархалт ихтэй, хачигт энцефалитийн голомттой бүс нутагт амьдардаг бол тухайн өвчний вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдгийг дахин зөвлөж байна гэж Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.
Завхан аймгийн хачигт халдварын байгалийн голомттой бүс нутгууд