Б.Мөнгөнтуул: Алинагийн эсрэг шинэ гарааны нүүдэл туршсан нь үр дүнтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-17 10:09:38

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний энэ улирлын тав дахь цуврал Энэтхэгийн Пуна хотод үргэлжилж, манай шатарчин Б.Мөнгөнтуул гурав дахь өрөгтөө ялалт байгууллаа.


Эхний хоёр тоглолтдоо нэг хожиж, нэг хожигдсон их мастер Б.Мөнгөнтуул гурав дахь өрөгтөө орос гаралтай Польшийн их мастер Алина Кашлинскаяг хараас тоглон буулгаж авлаа. Манай мастер дэлхийн чансааны 88 дугаарт эрэмбэтэй бол польш бүсгүй 16-д жагсаж байгаа юм. Б.Мөнгөнтуул өмнө нь Алинагийн эсрэг тоглож байгаагүй шинэ гарааны нүүдэл туршсан бөгөөд эсрэг тоглогчийн хаан руу довтлох замыг нээхийн тулд хүүгээ золиосолсон тухайгаа тоглолтын дараах яриандаа дурджээ.


Энэхүү чухал өрөгт хожиж чадсанаар Б.Мөнгөнтуул мастер тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд үлдлээ. Гурван өргийн дараа Хятадын Жу Жинер 2.5 оноотой шатарчдыг тэргүүлж байгаа бол Монголын Б.Мөнгөнтуул, Энэтхэгийн Хампи Конеру, Дивия Дешмух, Оросын Полина Шувалова тэргүүлэгчээс 0.5 оноо дутуу нэхэж байна.


ФИДЕ-гийн сайтад тоглолтын талаар тайлбарлахдаа, “Эхний тоглолт гайхалтай хэв маягаар өндөрлөв. Монголын номер нэг эмэгтэй тамирчин Батхуягийн Мөнгөнтуул Польшийн Алина Кашлинскаяг эсрэг талын шилтгээнтэй довтолгооноор буулган авлаа. Мөнгөнтуул тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа дурдсанчлан тэр хоёрын хэн нь ч өмнө нь тоглож байгаагүй шинэ нээлт хийж, өрсөлдөгчийнхөө хааны эсрэг зарим гарцыг нээхийн тулд барьцааны золиос хийсэн. Алина тийм ч сайн хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд удалгүй түүний хаан асуудалд орж, өрсөлдөгчийнхөө хүнд хэсгүүдэд бүслэгдсэн байв. Мөнгөнтуул цагаан баатруудыг хоёуланг нь 30…Bxf3 31.gxf3 Bxd4 32.exd4 оноогоор сольж, дараа нь 32….Rxb3+ 33.Kc2, гайхалтай 33…Qc7+ оноогоор дуусгалаа. 34.Kxb3 Rb8. Үүний дараа Кашлинская нь мадтай нүүр тулж огцорчээ” гэжээ.


Б.Мөнгөнтуул өнөөдөр 17:30 цагаас дэлхийн чансааны 28 дугаар жагсаж буй Болгарын их мастер Нургюль Салимоватай цагаанаар тоглоно.

相关新闻