Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд холимог тээврээр 40 хувь хямд зорчих боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-11-01 16:11:57

Төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн шинэ төрлийн үйлчилгээний туршилтын аялал өнгөрөгч амралтын өдрүүдэд “Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд” чиглэлд өрнөлөө.

Тээврийн дэд салбаруудын үйлчилгээг нэгтгэж, иргэдэд ойртуулах, үнэ хөлсийг бууруулах ач холбогдолтой уг холимог тээврийн туршилтын аяллыг Зам тээврийн яам, “Авто тээрийн үндэсний төв” ТӨҮГ, “Зэлтэрийн зам” ХХК хамтран зохион байгуулж, тус байгууллагуудын болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцсон юм.

Улаанбаатар хотоос 10 дугаар сары 27-ны 20.40 минутад хөдөлсөн галт тэрэг үүрээр 04.30-д Сэлэнгийн өртөөнд ирж, аяллын бүрэлдэхүүн цааш зорчих автобусанд шилжих суух болов. Хамгийн гол нь галт тэргээс автобусанд шилжин суухад дахин тасалбар авах шаардлагагүй нь онцлогтой байлаа. Учир нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн систем ТҮЦ машин нэвтрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл уг тасалбар түгээх автомат нэгдсэн системээс холимог тээврийн тасалбар худалдан авах боломжтой. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгслийг шилжин суухдаа нэг тасалбар ашиглаж, цаг зав, цаашлаад эдийн засгийн хувьд хэмнэлт эдэлж байгаа юм. Томоохон худалдааны төвүүд, аялал жуулчлалын компани, Тээврийн товчоо, Төв шуудан гэх мэт олон нийтийн газруудад байршуулах ТҮЦ машинаас холимог тээврийн тасалбараас гадна галт тэрэг, онгоц, орон нутгийн автобусны тасалбарыг суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан худалдан авах боломжтой.

Ингээд аяллын баг ТҮЦ машинаас авсан холимог тээврийн тасалбараар дараагийн аяллаа “Зэлтэрийн зам” ХХК-ны улс хоорондын зорчигч тээврийн автобусаар үргэжлүүлэх болов. Сэлэнгэ аймгийн өртөөнд дамжин өнгөрөх үеэр тус өртөөнд Холимог тээврийн туршилтын ажиллагааны нээлт болж, Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэг, “Авто тээврийн үндэсний төв”-ийн дэд захирал Ш.Батсайхан, Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нар болон бусад албан тушаалтнууд оролцов. Энэ төрлийн тээвэрлэлт Монголд бүрэн нэвтэрснээр тээврийн салбарт нэгэн шинэ дэвшил болж, иргэд, зорчигчдод ашигтай, тав тухыг нь бүрэн хангасан зохицуулалт болно гэдгийг албаны хүмүүс энэ үеэр онцолж байлаа.

Автобус 05.30 цагийн үед Сэлэнгэ аймгаас хилийн зүг хөдөлж, хагас цаг орчмын дараа Алтанбулагийн хилийн боомт дээр ирлээ. Хоёр улсын хилээр саадгүй нэвтэрснээр ОХУ-ын нутагт хөл тавьж, хоёр цаг гаруй аялан, Итгэлт хамба, Галуут нуур /Гусеное озеро/ үзэж сонирхсоны дараа Улаан-Үд хотод ирсэн юм. Аяллын багийнхны байрласан “Бурятия” зочид буудал, зоог барьсан “Монгол”, “Черчилль” ресторанууд нь “Зэлтэрийн зам” ХХК-тай гэрээтэй ажилладаг бөгөөд энэ чиглэлд зорчих иргэдэд тогтмол үйлчилдэг аж.

Хоёр жилийн өмнөөс Монгол Улс, ОХУ-тай харилцан визгүй зорчиж эхэлснээр иргэдийн урсгал энэ чиглэлд эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдон Монголын Алтанбулаг боомт, ОХУ-ын Хиагтын боомт 24 цагаар ажиллаж, олон арван компани зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн энэ чиглэлд төмөр замаар, иргэний агаарын тээврээр зорчих боломж нээлттэй. Гэхдээ иргэний агаарын тээврийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй, галт тэрэгний хувьд хугацаа ихээр шаарддаг, автобусны хувьд удаан хугацаагаар сууж явахад хүндрэлтэй, аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэх мэт сул талууд бий. Хувийн унаагаараа зорчигчдын хувьд хил, гаальд шалгуулах хугацаа удаан, мөн тээврийн хэрэгсэл саатах зэрэг эрсдэл бий. Харин холимог тээврийг сонгосноор дээрх эрсдэл харьцангуй буурч, зардлын хувьд 20-40 хувь хямдрах бөгөөд байнгын тээвэрлэлт хийдэг компаниар хил гааль нэвтрэхэд хүлээлт бага, буудаллах, цайлах үйлчилгээний газрууд нь гэрээтэй учир хэдийд очсон ч нээлттэй хүлээн авдаг гэж "Зэлтэрийн зам" ХХК-ийн захирал Д.Лхагвачулуун онцолж байлаа.

Ингээд аяллын хоёр дахь өдөр Улаан-Үд хоттой танилцаж, монголчууд олноор үйлчлүүлдэг "Мир", "Абсолют" зэрэг худалдааны төвүүдэд зочилсноор өндөрлөж, нутгийн зүг жолоо залсан юм. Улмаар 20.40 минутад Сэлэнгэ өртөөнөөс галт тэргэндээ дамжин сууж, 05.50 цагт Улаанбаатарт хүрэлцэн ирснээр холимог тээврийн туршилтын аялал амжилттай өндөрлөв.    

Зам тээврийн салбарт нэвтрүүлж буй нэгдсэн, ухаалаг системийн нэгээхэн чухал хэсэг болсон холимог тээвэр ийн амжилттай туршигдаж, ирэх оноос эхлэн иргэдэд үйлчилж эхлэх гэж байна. Ингэснээр ард иргэдэд тээврийн салбарын үйлчилгээг ойртуулах, хялбарчлах, хямд, хүртээмжтэй байлгах, эрэлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻