“Ганга нуур” уран бүтээлийн үзэсгэлэн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-02 12:41:23

Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн  төв ТББ –аас "Ганга нуураа аваръя" аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяныхаа хүрээнд "Ганга нуур" уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 7-ноос 14-ний өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү үзэсгэлэн нь үнэ төлбөргүй бөгөөд Ганга нуурын өнөөгийн бодит байдлыг олон нийтэд танилцуулах, түгээх, мөн хийгдэж буй ажлуудыг сурталчлан танилцуулах, аянд олон нийтийг татан оролцуулах гээд олон талын ач холбогдолтой.

Үзэсгэлэнд Дарьганга нутгийн онцлогийг харуулсан, тэр дундаа Ганга нууртай холбоотой уран бүтээлүүд тавигдах бөгөөд нутгийн уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ үүнд оролцуулах боломжтой. Бүтээлээ ирүүлснээр аяныг дэмжиж хамтран ажиллаж байгаагийн тод илрэл болох юм. Уран зураг, фото зураг, эсгий урлал, уран бичлэг зэрэг бүтээлүүд байж болно.

“Ганга нуур” үзэсгэлэнг Байгаль орчин Аялал Жуулчлалын Яам,  Цэнгэг усны нөөц  Байгаль хамгаалах төв, Ганга нуураа хамгаалах сан ТББ, Сүхбаатар аймгийн НАМОХ, Титэм арт Академи зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 11 дүгээр сарын 08-ний Мягмар гаригт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 11:00 цагт болно.

Т. Одончимэг

相关新闻