Ф.Мерц, Э.Макрон, К.Стармер, Д.Туск нар Киевийг зорьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 10 /DPA/. Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, мөн Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар Украинд айлчлахаар замдаа гарсан тухайгаа олон нийтийн Х сүлжээнд баасан гаргийн орой мэдэгджээ. "Бид Киевт очих замдаа гарлаа. Украин улс бидний дэмжлэгт найдаж болно" хэмээн Ф.Мерц бичсэн байна.
Европын орнуудын удирдагчид тавдугаар сарын 10-ны бямба гаргийн өглөө Киевт очих төлөвтэй байна. "France-Presse" агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, удирдагчид Украинтай залгаа хилээс холгүй Польшийн нутгаас галт тэргэнд суужээ. Ф.Мерцийн хувьд энэ нь Канцлерын хувиар Киевт хийж буй анхны айлчлал юм.
“Оросын довтолгоо үргэлжилж байгаа энэ үед бид Украиныг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлж Киевт зогсох болно” гэж Ф.Мерц Х сүлжээнд бичжээ. Тэрбээр мөн Украинд 30 хоногийн хугацаатай гал зогсоох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын саналыг дөрвөн улс бүгд дэмжиж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.
“Шударга, бат бөх энх тайван тогтоох тухай хэлэлцээ хийх орон зайг бүрдүүлэхийн тулд урьдчилан болзол тавихгүйгээр 30 хоног гал зогсоохыг бид АНУ-ын хамт ОХУ-д уриалж байна. Гал зогсоох тохиролцоог техникийн хувьд хэрэгжүүлэх, иж бүрэн гэрээг бэлтгэх үүднээс аль болох түргэн эхлүүлэх ёстой энхийн яриа хэлэлцээг дэмжихэд бид бэлэн байна" гэж саяхан сонгогдсон Канцлер бичсэн байна. Эцэст нь тэрбээр Украинд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлнэ гэж мэдэгджээ.
Удирдагчид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй бямба гарагт уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Украиныг цаашид хэрхэн дэмжих асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Ф.Мерц АНУ-ын Ерөнхийлөгчтэй тавдугаар сарын 8-нд утсаар ярьжээ. Тавдугаар сарын 9-нд тэрбээр Брюссель дэх Европын Холбоо болон НАТО-гийн төлөөлөгчийн газарт очсон байна. Киев рүү галт тэргээр хөдлөхийнхөө өмнө Украинтай залгаа хилээс холгүй орших Польшийн нисэх онгоцны буудалд Э.Макрон, К.Стармер, Д.Туск нартай уулзалт хийжээ.