Арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-12 14:06:17

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд зургаадугаар сарын нэгнээс хотын дугаар олгохгүй.


НИТХ-аас импортын автомашинд зургаан шалгуур үзүүлэлт тавьж, улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон. Эхний дөрвөн шалгуурыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн бол удаах хоёр шалгуур үзүүлэлтийг зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх юм.


Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв ярихдаа, “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жил ашигласан тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв. 


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн шалгуур үзүүлэлтүүд

- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;

- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;

- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь "евро-4" эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;

-  Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх зэрэг багтаж буй юм.

 

 

 

 

相关新闻