Үндэсний номын баяр энэ амралтын өдрүүдэд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-14 09:18:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Үндэсний номын баяр энэ сарын 16-18-нд буюу энэ долоо хоногийн баасан гаргаас ням гарагт Д.Сүхбаатарын талбайд болно.  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй 37 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншья” уриан дор зохион байгуулах юм.


Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Тухайлбал, олон нийтэд зориулан “Байгаль экологийн чиглэлийн 50 ном”-ыг танилцуулж, “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, “Номын сайн нөхөр”-ийг шалгаруулна. Мөн оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаа болох юм. Түүнчлэн үндэсний бахархалт амьтан Мазаалайн асруудыг бэлдэж, зохиолчидтой биечлэн уулзах, кофе, цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчин бий болгожээ.


Номын салбарын гадаад хамтын ажиллагааны хүрээнд монгол зохиолчдын ном бүтээлийг БНСУ-ын Бусад хот болон Сингапурын Олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн, Турк, Ираны хэвлэн нийтлэгчдийн нөхөрлөлийн хөтөлбөр, Малайз, Казахстан Улсын Астана хотноо болсон номын үзэсгэлэнд оролцсон амжилтаар баяраа угтаж байна.


Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцоно. Түүнчлэн “Либро сувд агентлаг”-аас монгол зохиол бүтээлийг гадаад орны уншигчдад эх хэлээр нь хүргэх, монголын оюуны бүтээлийг экспортлох ажлыг эхлүүлж байна. Мөн орчуулган номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас, материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ үйлчилгээг хүргэх аж.


Номын баярт нийт 300 мянган оролцогч, 200 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, 10 улсын төлөөлөл оролцдог төдийгүй нийт зорин ирж буй хүмүүсийн 80 орчим хувь нь 30-аас доош насны залуучууд байна. 


Үндэсний номын баярыг 2007 оноос “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Одоо “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн 5,9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулж буй юм.

相关新闻