“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-18 11:10:38

БАЗЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 18 /AFP/. Швейцарын Базель хотноо болсон “Eurovision” олон улсын дууны тэмцээнд Австрийн контртенор дуучин JJ буюу Йоханнес Питч “Wasted Love” хэмээх поп опера жанрын дуугаараа түрүүллээ.


Өдгөө 69 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээний эцсийн шатны шалгаруулалт бямба гаргийн орой явагдсан юм. JJ Европ даяарх шүүгчид болон тив, дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн үзэгчдийн саналаар тэргүүлснээр Австри улс 2014 онд Кончита Вурст “Rise Like a Phoenix” дуугаараа нэгдүгээр байр эзэлснээс хойш анхны ялалтаа авчээ. 


Жинхэнэ нэр нь Йоханнес Питч гэдэг 24 настай контртенор JJ сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний мөрөөдлийг биелүүлсэн европчууддаа талархал илэрхийлье. Хайр бол дэлхийн хамгийн хүчтэй хүч билээ. Илүү их хайрыг түгээцгээе” хэмээн хэлжээ. Санал хураалтын дараах дүнгээр Австрийн дуучин 436 оноо авсан бол Израил /357/, Эстонийн /356/ уран бүтээлчид удаалжээ.


Тодруулбал, Израилын дуучин Юваль Рафаэль “New Day Will Rise” дуугаараа хоёрдугаар байр, Эстонийн Томми Кэш “Espresso Macchiato” дуугаараа гуравдугаар байр тус тус эзэлсэн байна. Харин Шведийн оролцогч KAJ нь “Bara Bada Bastu” дуугаараа санал асуулгын дүнгээр илүүрхэж байсан боловч дөрөвдүгээрт орсон байна.


Базелийн тайзнаа эгшиглэсэн 26 дуу нь Португалын гитар баллад, Литвийн альтернатив рок хамтлаг, Австрийн дуурь, Латвийн найрал дуу зэрэг Европын хөгжмийн өргөн цар хүрээг харуулжээ. Тэмцээний ялагчийг үзэгчдийн санал болон шүүгчдийн саналын нэгтгэсэн дүнгээр тодруулдаг бөгөөд шүүгчид баасан гарагт болсон эцсийн сургуулилалтад үндэслэн саналаа өгчээ.  

相关新闻