АРХАНГАЙ: 2 га талбайг ойжуулж нөхөн сэргээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Нарийн хэмээх газарт "Тэгш дүүрэн ММОМ" ХХК 2 га талбайг ойжуулан, нөхөн сэргээжээ.
Уг
ажлыг ойн дагалт баялгийн нөөц ашиглагч "Хангайн арвай" ХХК-ийн санхүүжилтаар хийсэн байна.
Тус компани нь 2024 онд Цэнхэр сумын Сум дундын ойн ангитай гэрээ байгуулан ойн
сангаас 30 мянган кг самрын нөөц ашигласан байна.
Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд заасны дагуу ашигласан Хуш модны самрын нөөцийн 15000 кг тутамд дагалт баялгийн нөөц ашиглагч ААН өөрийн хөрөнгөөр 1 га талбайд ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр заасан байдаг.
Энэ хүрээнд 30 мянган кг самрын нөөц ашигласан учраас 2 га талбайд 2-3 настай 4000 шинэс модны тарьцыг суулгажээ.
"Хангайн арвай" ХХК Булган суманд ч ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр төлөвлөсөн байна.