Японд цагаан будааны үнэ хамгийн ихээр өсөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-05-23 10:53:37

ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 23 /TASS/. Японд энэ оны дөрөвдүгээр сард цагаан будааны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 98.4 хувиар өссөн нь 1971 онд статистик мэдээлэл гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт боллоо. Энэ талаар тус улсын Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамнаас нийтэлсэн мэдээлэлд дурджээ.


Цагаан будааны үнэ өнгөрсөн жилийн турш тасралтгүй өссөн бөгөөд үүний гол шалтгаан нь байгалийн гамшиг, хэт халууны улмаас ургац муу байсантай холбоотой. Үүнээс гадна жуулчдын тоо нэмэгдсэн нь эрэлтийг нэмэгдүүлж, үнэ нэмэгдэх бас нэг шалтгаан болжээ. Тавдугаар сарын эхээр цагаан будааны үнэ сүүлийн дөрвөн сар хагасын хугацаанд анх удаа буурч эхэлсэн хэдий ч жилийн өмнөхөөс хоёр дахин өндөр хэвээр байна.


Будааны үнийн өсөлттэй холбоотой нөхцөл байдал нь Японы Хөдөө аж ахуйн сайд Такү Этог албан тушаалаасаа огцроход хүргэсэн юм. Тэрбээр “найзууд маань байнга их хэмжээгээр будаа өгдөг тул хэзээ ч будаа худалдаж авч байгаагүй” хэмээн тоглоом шоглоомоор хэлсэн нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. Тус яамны шинэ сайдаар Японы залуу улс төрч Шинжиро Коизүми томилогджээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд асан Жүничиро Коизүмигийн хүү юм. Шинэ албан тушаалдаа томилогдсоныхоо дараа тэрбээр "будаа хариуцсан хүн" гэж өөрийгөө нэрлэж, үнийн өсөлтийг бууруулахын тулд шаардлагатай бүхнийг хийхээ амлажээ.

相关新闻