Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулахыг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-07 11:27:38

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 7 /BBC/. Оросын нефтийг худалдан авч байгаатай нь холбогдуулан Энэтхэгийн бараанд 25 хувийн татвар нэмж ногдуулах тухай зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт гаргажээ.   


Энэхүү шийдвэр нь Энэтхэгээс Америкт импортлох бараанд ногдуулах татварын хэмжээг 50 хувьд хүргэж өсгөх бөгөөд АНУ-ын зүгээс ногдуулсан хамгийн өндөр татваруудын нэг болох юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шинэ тарифыг 21 хоногийн дараа буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ногдуулж эхлэх ажээ.


Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ лхагва гарагт хийсэн хариу мэдэгдэлдээ, Шинэ Дели Оросоос импортлох барааны талаар байр сууриа нэгэнт тодорхой илэрхийлсэн бөгөөд тарифыг шударга бус, үндэслэлгүй” хэмээн үзэж байгаагаа дахин илэрхийлжээ.  


“Бусад улсын нэгэн адил өөрсдийн үндэсний ашиг сонирхлын үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төлөө АНУ-ын зүгээс Энэтхэгт нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргасан нь туйлын харамсалтай байна. Манай улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь мэдэгдэхдээ, Оросын дайны машинд өртөн Украинд хэчнээн хүний амь үрэгдэж байгаа нь тэдэнд хамаагүй бололтой гээд, Энэтхэгийн бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээ анхааруулж байв. 

相关新闻