ӨВӨРХАНГАЙ: Арвайн хүрээнд 150 орчим номыг монгол хэлээр барлан хэвлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-23 17:28:10

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Арвайн хүрээ бол одоогийн Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын үүсэл юм. Тэртээ 1727 онд Сайн Ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуунд томоохон хийд болох Арвайн хүрээг байгуулж байжээ.


Арвайн хүрээ нь ном судар хэвлэн олшруулдаг бархнаараа алдартай байв. Энд XIX зууны сүүлийн хагас үеэс ном судрыг чанарын өндөр түвшинд хурдан хугацаанд барлан олшруулдаг Баасандорж гэж лам байсан тухай хүрээний түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.



Ном хэвлэх арга нь модон бар агаад нарийн ширхэгтэй, шүүс багатай хатуу хуш модыг сайтар хатааж, номынхоо үсгийг сийлээд хуудас хуудсаар нь цаас тавьж, олон зуугаар хэвлэх гар ажиллагаатай байв. Урт, дунд, богино, богиновтор гэх дөрвөн хэмжээгээр үлэмж олон ном судрыг барлаж хэвлэсэн нь цөм тусгай гарчигтай, баримттай байдаг аж.


Уг хүрээний Бандида ламтаны гуравдугаар дүрийн хувилгаан Эрдэнэ бишрэлт мэргэн бандида хамба Ч.Цэвэлванчигдорж / 1836-1894 / гучаад наснаасаа ном хэвлэлийн нөр ажлыг манлайлан хийдээ “Барт хүрээ хэмээн алдаршуулж, түмэн олон өөрийг нь “Номч дүр” хэмээн хүндлэх болжээ. Түүний багш, ловон Содномжамцын бичвэрт “Энэ зүгт ховор номуудыг хэвлэж эхэлсэн” хэмээн тодорхой дурдсан байдгийг аймгийн Музейн түүх бичвэрт тэмдэглэн үлдээсэн байна.


“XIX зууны сүүлээр Арвайхээрт хэвлэсэн олон газрын барханы гарчгийн дотор номын хуудас модны тоо, ам цаасны тоо, хэрэглэх бэхийн тоо хэмжээг тавьсан нь монголын хэвлэлийн ажил эмх цэгцтэй байсныг харуулж байна” доктор, профессор С.Цолмон онцлон тэмдэглэсэн байдаг.


Тэрчлэн Арвайн хүрээнд 150 орчим нэр бүхий номыг монгол хэлээр барлан хэвлүүлжээ. Тухайн үеийн хийд, ном судрын газруудад үндэснийхээ бичиг үсэг, монгол хэлээрээ ном зохиол барласан нь тун цөөн, ихэнхдээ төвөд үсгээр сийлдэг байв. Эдгээр мэдээллээс үзэхэд Арвайн хүрээ нь тухай үедээ халхын буддын шашны соел боловсролын томоохон төв байсныг илтгэнэ.

Одоогоор аймгийн музейн сан хөмрөгт 100 гаруй модон бар, Ганданпунцоглин хийдийн сан хөмрөгт мод, зэс бүхий 16 барыг хадгалж байна. 



Тарган бандид Цэвэлваанчигдоржийн 1836 – 1896 онд зохиосон. Нялбын бэрээ /Эрлэг тамын тайлбар / судар


Нялбын бэрээ судар нь тухайн үед “Барт хүрээ” хэмээн алдаршсан Арвайн хүрээний ном хэвлэж, барын зураг урлан бүтээж байсныг гэрчлэх чухал дурсгал юм. Номын товч агуулга нь нүгэл хилэнц хийсэн хүн хойд насандаа аймшигт тамын оронд унаж тэсэхүйеэ бэрх зовлон эдлэх тухай зургаар баяжуулан бичсэн бүтээл агаад төвөд, монгол бараар барлажээ.

相关新闻