ӨВӨРХАНГАЙ: Утга зохиолын өдрүүдэд 10 гаруй үйл ажиллагааг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-23 17:05:31

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Төв номын сангаас соёл, боловсролын байгууллагуудтай хамтран “Утга зохиолын долоо хоног - 2025” аяныг өрнүүлж байна.


Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлүүлсэн тус аяныг зохиолчдын уулзалт хэлэлцүүлэг, “Номтой намар” яруу найргийн өдөр, “Драмын зохиол бичихүй” цахим сургалт, “Ном хэрхэн бүтээсэн бэ” зохиолч, уншигчдын уулзалт зэрэг 10 гаруй төрлийн үйл ажиллагаагаар үргэлжлүүлж байна.



Тухайлбал, даваа гарагт орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээлийг сурталчлах уулзалт болсон бол өнөөдөр ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн уран бүтээлийг хүүхэд, залууст танилцуулж байгаа юм.


Ирэх өдрүүдэд төрийн хошой шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Маам, төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын намтар, уран бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчилна. Мөн зохиолчийн эрх, оюуны өмчийн талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

相关新闻