ОРХОН: Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-06-03 13:07:02

Баян-Өндөр, 2025 оны зургадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж, хуралдаан зарласан захирамжийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр А.Амарын танхимд хуралдах бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг 6 дугаар сарын 5-ны өдөр Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх юм. 


Хурлаар Орхон аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны эхний хагаст хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 онд шинэчлэгдсэн бөгөөд шинээр томилогдсон гишүүдийг чадавхжуулах, тогтмол мэдээ мэдээллээр хангахаас гадна хууль тогтоомж, чиг үүргийн дагуу гишүүн байгууллагуудтай хамтран ажиллажээ.


Цахим орчинд хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох залилах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт болон хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, уран бүтээл нийтлэхгүй байх талаарх сургалтыг зохион байгуулжээ.


Үе тэнгийн дээрэлхэлтийн нөхцөл байдлын тандалт судалгааг 2019 хүүхэд хамруулан цахимаар зохион байгуулж, уг судалгаанд үндэслэн “Харах өнцөгтөө хайр нэмье”, “Эрч хүч, урам зориг өгдөг найз байя”, “Сэтгэл зүйч зөвлөж байна”, “Хүмүүжлийн эерэг арга”, “Хайр нэмье” зэрэг цахим нөлөөллийн аянуудыг өрнүүлсэн байна. 


Утаат болон электрон тамхины хор нөлөөний талаар 35 удаагийн сургалт зохион байгуулж, 3375 оюутан, сурагч, 780 иргэн хамрагджээ. Жаргалант сумын хэсгийн байцаагч, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль хамтран сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн дунд электрон тамхины хэрэглээнд хяналт хийж, илрүүлэх, арилгах ажлыг 7 хоног бүр зохион байгуулсан. Хяналт хийх тус хугацааны эхний явцад 2 электрон тамхи илрүүлж эцэг эх асран хамгаалагч болон холбогдох мэргэжилтнүүдэд холбон зуучилсан зэрэг энэ оны эхний хагас жилд хийсэн ажлын талаар танилцууллаа. 


Мөн худалдан авах ажиллагааны 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар явцын мэдээллийг Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Орхон аймгийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 125.3 тэрбум төгрөгийн 266 төсөл арга хэмжээг төлөвлөснөөс 253 төсөл, арга хэмжээний худалдан авах, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж 95.1 хувийн биелэлттэй байна. Худалдан авах ажиллагааны үр дүнд гүйцэтгэгч шалгарсан 210, тендер зарласан 3, тендер зарлаад амжилтгүй болсон 40 төсөл арга хэмжээ байна. Шалгарсан 210 хөрөнгө оруулалтын ажил дээр 219 гүйцэтгэгч шалгарсан бөгөөд шалгарсан төсөл арга хэмжээ дотроо багц болгон зарлагдсан учир багц тус бүрээр гүйцэтгэгчийн тоо нэмэгджээ. Нийт 219 гүйцэтгэгчээс 103 буюу 47% нь орон нутгийн ААНБ, иргэд,  үлдсэн 116 буюу 53% нь Улаанбаатар хот болон бусад аймгийн ААНБ шалгарсан байна. 


Хэлэлцэх асуудлыг гуравдугаарт орон нутгийн түвшинд үндэсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүдээс хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавьж буй инженерүүдийн мэдээллийг ил тод нээлттэй иргэдэд хүргэх, 2025 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд шалгарсан байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг А.Амарын талбайд зохион байгуулах, авто замын ажилд шалгарсан компаниуд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч мэдээллээ иргэдэд хүргэх зэрэг саналыг илэрхийллээ. Мөн эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланд арга хэмжээ нь гүйцэтгэлтэйгээ уялдах, бодит үр дүнгээр тайлагнах зэрэг саналыг илэрхийлж байна.

相关新闻