ЗАВХАН: Отгонтэнгэрийн халуун рашааныг нутгийн анчид анх нээж "Мөнх ус" хэмээн нэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-03 15:18:03

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр уулыг  үзэнгээ Завханы урд бүсээр аялах, аяллын хөтчийг танилцуулж байна.  


Энэ аялал нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр (4021м) уул, Их Монголын элсэн манхан, тал хээрийн бүсийг багтаасан аяллын маршрут юм. Нийт туулах зам нь 650 км.


Улиастай хотоос Богдын гол Мөнгөт хясаа, Богдын голын хүрхрээ, Цагаан нуур, Даян уулын үдлэх цэгт амарна. Туулах зам 50 км. Ингээд Даян уулаас Отгонтэнгэр уулыг харж, дэлхийд ховор, вансэмбэрүү цэцгийг үзэж болно. Долоогийн даваа, Ширээгийн голын үдлэх цэг, Хөндлөнгийн даваа, Отгон сум, Буянт багаар дайран Отгонтэнгэр уулын өвөрт ирнэ 160 км.  Цагаан чулуут сумын Бурханы цогцолбор, Жавцаг баг Завхан голоор гаран Эрээн нуурт ирнэ. Нийт 150 км. Эрээн нуур Завхан голын Далтын гарам, Ханийн худгийн хясаа, Ямаан усны үдэх цэг, Алдархаан сум, Улиастай хотод ирнэ. 140 км зам туулна.


Энэ аялалд гарах гэж байгаа бол монгол орны хамгийн эрэлттэй томоохон рашаан, сувиллуудын нэг болох Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр рашаан сувиллыг сонирхоорой гэж Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос мэдээлэв.


“Отгонтэнгэр” рашаан сувилал нь Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Улаанбаатараас 1210 км-ийн алсад, Отгонтэнгэр уулаас зүүн хойш, бага Отгонтэнгэр уулын ар хормойд, ойн бүсийн дээд хязгаарт, Рашаан голын хөндийд далайн түвшнээс дээш 2500 метрт байдаг.


Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын тэргүүн сарыг дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954 онд 50 ортой улсын рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй ажиллаж байна. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжид 150-210 хүн хүлээн авах боломжтой юм.


Рашааны химийн найрлага нь хийн бүтцээрээ азот хий 85-93 хувийг эзлэх азот зонхилсон, азот хий 50-60 хувь, хүхэрт устөрөгч 8.5-31.8 хувийг эзэлсэн. Азот хүхэрт устөрөгч холилдсон хоёр бүлэгт хуваагдах +13C градусаар +55С градусын халуунтай 350-370мг/л эрдэсжилттэй, сул шүтлэг хүхэрт устөрөгч бүхий азотын халуун рашаан. Хүхэрлэг хар шавартай. Бүтэц найрлага, эмчилгээний идэвхийн байдал нь бүгд судалгаагаар нарийн тогтоогдсон байдаг.

 

Тулгуур хөдөлгөөний эрхтний өвчин, зүрх судас, цусны эргэлтийн дутмагшил, нэг үеэс хэтрээгүй үед, зах мэдрэлийн системийн өвчин, судасны өвчин арьсны өвчин, (хайрст үлдийн эдгэрэлт, хязгаарлагдмал нейродермит, намарс, арьсны загатнаас өвчнүүд, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчний хурц биш үе) гуурс хоолойн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл зэрэг өвчнийг эмчилдэг.


Рашааныг уух, орох, шавар тавих, биеийн тамир, бариа засал, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан эмчилгээ, эмчилгээний гимнастик хийлгэх замаар сувилдаг байна. Харин төлбөрийн хувьд эрүүл мэндийн даатгал төлдөг бол эмчилгээ, хоол, байр үнэгүй юм. Сонирхуулахад, Отгонтэнгэрийн халуун рашааныг анх нутгийн анчид нээж "Мөнх ус" хэмээн нэрлэж нутгийн ардууд болон ойр орчмын нутаг хошуудаас олон тооны хүмүүс ердийн хөсгөөр ирж орох, уух зэргээр хэрэглэж байсан домог бий.



相关新闻