БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-04 09:21:46

СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгосын Сонгуулийн үндэсний хорооноос сонгуульд ялсныг нь баталгаажуулснаар Ерөнхийлөгч Ли Жэ Мёны таван жилийн бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлжээ. 


Сонгуулийн үндэсний хорооны хуралдуулсан чуулганы нэгдсэн хуралдааны дараа Ли Жэ Мён ерөнхийлөгчийн албан тушаалыг өглөөний 6:21 цагт хүлээн авсан байна.


Онц байдал тогтоосны улмаас албан тушаалаасаа огцорсон Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ээлжит бус сонгууль мягмар гарагт явагдсан тул Ли Жэ Мён шилжилтийн үегүйгээр шууд албан тушаалдаа оржээ.


Тэрбээр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ли Жү Хогоос ерөнхий командлагчийн үүрэг зэрэг ерөнхийлөгчийн үүргүүдийг хүлээн авсан байна.


Ардчилсан намаас нэр дэвшсэн Ли Жэ Мён 49.42 хувийн саналаар ялсан бол Ардын хүч намын нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15 хувийн санал авчээ.


Ли Жэ Мён үүрэгт ажилдаа орсон эхний өдрийн 11:00 цагт Үндэсний ассемблейн танхимд болох ёслолын үеэр тангараг өргөнө. Ёслолын өмнө тэрбээр Сөүлийн үндэсний оршуулгын газарт хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөсөн байна.

相关新闻