ХОВД: Алтай сумын услалтын системийг сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-01 12:24:49

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай суманд "Боомын ам" услалтын системийн барилга байгууламжийг шинэчлэх, сэргээн засварлах ажил хэрэгжлээ. 


Уг ажлын зорилго нь услалтын системийг сэргээн засварлах замаар орон нутгийн хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, усалгааны дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, тариаланчдын чадавх, орлогыг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, шинээр ажлын байр бий болгоход чиглэж буй. 


Алтай сумын нутаг дэвсгэрт орших “Боомын ам” услалтын системийг анх 1979 онд ашиглалтад оруулжээ. Улмаар 1990 оны үед зах зээлийн эдийн засагт шилжих явцад услалтын системийн тоног төхөөрөмж эвдэрч, ашиглалт зогссон байна. Иймд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд дээрх услалтын системийн барилга байгууламжийг шинэчлэх, сэргээн засварлах ажил хийлээ. 


Ингэснээр өдгөө 200 гаруй га талбайг усжуулах, төвийн эргэлттэй бороожуулах машин ашиглах, хамгаалалтын хашаа, ойн зурвас байгуулах зэрэг давуу тал бүрдэж байна.  


Уг ажлыг "Агро альфа" ХХК 2022-2025 онд үe шаттай гүйцэтгэж, орон нутгийн иргэдийг түр ажлын байраар хангасан ба техник ажиллуулах хоёр иргэнийг дадлагажуулжээ. Мөн туршилтаар эрдэнэ шиш, төмс, амтат гуа зэргийг тариалсан юм. 


"Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийн хүрээнд долоон аймгийн 10 суманд ийнхүү услалтын систем байгуулахаар зорьж буй. Үүнээс Алтай сумын Боомын амны услалтын систем нь зургаа дахь бүтээн байгуулалт боллоо. 


Энэ нь Улаанбаатар хотоос баруун урд зүгт 1450 км, Ховд аймгийн төвөөс урд зүгт 300 км, Алтай сумын төвөөс баруун урд зүгт  2-3 км зайд бий. 


相关新闻