Нийслэлийн 170 мянган өрхийг хагас коксжуулсан шахмал түлшээр хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн байранд хуралдлаа.
Тэд нийслэлийн 170 гаруй мянган айл өрхийг хагас коксжуулсан утаагүй түлшээр хангах, 5000 айлыг хийн түлшид шилжүүлж буйтай холбоотой бэлтгэл ажил болон түгээлт, коксон түлшний ханган нийлүүлэлт, үнэ, хадгалалт, иргэд нүүрсээ хаанаас хэрхэн авах зэргийг лавлаж, тодорхой асуултад хариулт авсан байна. Галлагааны улиралд нийслэлд 382 цэгээр нүүрс борлуулах бөгөөд иргэд “Хотула” аппликейшнээр цахим карт үүсгэж нүүрсээ авч болох аж.
“Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Эрдэнэбаяр “Улаанбаатарын агаарын бохирдлын 55 хувийг нүүрсний утаа бүрдүүлдэг гэх судалгаа бий. Хагас коксжуулсан нүүрс түлснээр 25-28 хувиар утааг бууруулна гэж тооцож байна. Нүүрсний үнийн тухайд шахмал түлшийг нэг уутыг нь 3750 төгрөг, хагас коксжуулсан түлшийг 5000 төгрөгөөр борлуулах урьдчилсан тооцоог гаргаад байна” гэлээ.
Ташрамд дурдахад, хагас коксжуулсан нүүрсийг энэ сарын 1-нээс худалдаанд гаргахаар төлөвлөсөн ч Үндэсний хорооноос гаргах шийдвэрийн улмаас түр хойшлуулаад байгаа юм.