ТӨВ: Хонь ноослох улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 20,21-ний өдрүүдэд Зуунмод сумын “Өв соёлын өргөө”-нд болно.
Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ”Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Хонь ноослох тэмцээнийг цахилгаан хайчаар болон уламжлалт
аргаар гэсэн хоёр хэлбэрээр явуулна. Тэмцээний үеэр хонины ноосон
бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хоолны фестиваль, шагайн харваа, үндэсний
хувцас-хос морьтны тэмцээн, ноос савж эсгий хийх зэрэг үйл ажиллагаа болох юм.