ЗАВХАН: Тусгай зориулалтаар халиун буга 10-ыг агнах зөвшөөрөл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймаг тусгай зориулалтаар агнуурын
амьтныг агнах дуудлага худалдаагаар энэ жил нийт 43 толгой ан агнуулна.
Энэ онд Засгийн газрын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тоот тогтоолоор Завхан аймгийн агнуурын бүс нутгаас угалз 1, тэх 8, халиун буга 10, цагаан зээр 20, саарал чоно 4 толгойг агнуулахаар дуудлага худалдааны зар байршуулсан байна.
Энэ
талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Байгаль орчны газрын Биологийн төрөл
зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас тодрууллаа.
-Агнуурын бүс
нутгаас ан агнуулах дуудлага худалдаа хэзээ болох вэ?
-Дуудлага
худалдааг хуулийн дагуу зарласан. Бүртгэл нь 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхэлж 6
дугаар сарын 13-ны өдөр орон нутгийн цагаар 18:00 цагт дуусна. Дуудлага
худалдаанд оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг Завхан
аймгийн Байгаль орчны газрын e-mаїl: Zavkhanboajg@gmail.com цахим хаягаар авч, 6-р
сарын 17-ний өдөр дуудлага худалдааг 15:00 цагт цахим хэлбэрээр зохион
байгуулах юм.
-Дуудлага
худалдааны босго үнэ хэд байх вэ?
-Засгийн газрын
2023 оны 7-р сарын 5-ны өдрийн 261-р тогтоолоор амьтны экологи, эдийн засгийн
үнэлгээний 20 хувиар тооцно гэж заасанчлан 1 угалз 4сая 440 мянган төгрөг, 1
тэх 1 сая 60 мянган төгрөг, 1 халиун буга 2 сая 540 мянган төгрөг. Мөн 1 цагаан
зээр 199 мянга 400 төгрөг, 1 саарал чоно 226 мянган төгрөг тус тус босго үнэтэй
байна.
Өсгөх үнийн
хязгаар нь оролцогч дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх доод хязгаар
нь босго үнийн 10 хувиас доошгүй, дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй
байна. Дэнчин нь Амьтны тухай хуулийн 291.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа
эхлэх босго үнийн 10 хувь байна гэж заасанчлан 1 угалз 444.000 төгрөг, 1 тэх
106.000 төгрөг, 1 халиун буга 254.000 төгрөг, 1 цагаан зээр 19.940 төгрөг, 1
саарал чоно 22.600 төгрөг байна.
Ингээд дуудлага
худалдааны ялагчийг баталгаажуулж аймгийн Засаг даргын захирамж гарна. Тухайн
ялагч нь агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч бол байгаль орчны газартай, менежмент хариуцагчаас
бусад иргэн, аж ахуйн нэгж бол байгаль орчны газар, менежмент хариуцагчтай
гурвалсан гэрээг байгуулдаг.
-Дуудлага
худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг яаж байгуулдаг юм бол? Өнгөрсөн жилийн дуудлага худалдаагаар тусгай зориулалтаар хэчнээн ан агнуулсан бэ?
-Засгийн газрын
2017 оны 339 дүгээр тогтоолын дагуу тусгай төлбөртэйгөөр
агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хэмжээг
баталсан. Энэ тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/194 дүгээр тоот захирамжаар дуудлага худалдаа зохион байгуулах
ажлын хэсэг байгуулсан юм.
Энэ ажлын хэсэг Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор
батлагдсан аймгийн агнуурын бүс нутгаас угалз 1, тэх 4, халиун буга 8, цагаан
зээр 10, саарал чоно 6 толгой нийт 29 толгой амьтан агнуулах цахим дуудлага
худалдааг өнгөрсөн онд хоёр удаа зохион байгуулсан.
Завхан аймаг нь тусгай зориулалтаар Алдархаан, Шилүүстэй, Цагаанхайрхан, Яруу судаас ан хийлгэдэг. Өнгөрсөн жил нийт 29 ангаас 12 ан хийсэн байна.
-Тусгай
зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдаанаас олсон орлогыг хэрхэн
яаж зарцуулдаг вэ?
-Жил бүр зохион
байгуулж байгаа эдгээр дуудлага худалдаанаас орсон орлогыг төсөвт төвлөрүүлж,
орлогын 50 хувийг нь уур амьсгалын санд, харин 50 хувийг нь аймгийн
ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд зарцуулдаг.
Түүнчлэн хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж байна.
Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хууль, амьтны тухай хуулийн дагуу 2023 оноос дуудлага худалдааг зохион байгуулж байна. Завхан аймаг 2023 онд 72,5 сая, 2024 онд 40,1 сая төгрөгийг агнуурын бүс нутгаас агнуулсан ангийн төлбөрөөр төвлөрүүлж, аймгийн агнуур зохион байгуулалтын судалгаа, агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчил, нэн ховор, ховор, экологийн чухал ач холбогдол бүхий зүйлүүдийг хамгаалахад зарцуулж байна.
Мөн Засгийн
газрын 2017 оны 339 дүгээр тогтоолын дугуу тусгай
төлбөртэйгөөр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн
хэмжээг баталсан. Энэ тогтоолын дагуу тухайн сум орон нутгийн дансанд говийн угалзны төлбөр, хураамж 14000 ам.доллар,
говийн тэхийн төлбөр, хураамж 2600 ам.доллар,
халиун бугын төлбөр, хураамж 1600 ам.доллар,
цагаан зээр, саарал чонын төлбөр, хураамж 500 ам.долларыг тус бүр төлнө
гэж тус тус заасан байдаг.
-Хууль бус ан
агнавал мэдээж зохих хариуцлагыг хүлээдэг байх. Дээрх амьтдыг хууль бусаар
агнавал ямар хариуцлага тооцдог вэ?
-2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 260 дугаар тоот тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан. Эдгээр амьтныг зохих зөвшөөрөлгүй агнавал Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар торгох бөгөөд тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлэн нөхөн төлбөр төлнө.
Тухайлбал, халиун буга /Cervus elaphus/ хууль бусаар агнавал экологи-эдийн засгийн суурь үнэ 12 сая 700 мянган төгрөг, янгир /Capra sibirica/-ний экологи-эдийн засгийн суурь үнэ 5 сая 300 мянган төгрөг байна. Аргаль /Ovis ammon/-ний экологи-эдийн засгийн суурь үнэ 22 сая 200 мянган төгрөг, Цагаан зээр /Procapra gutturosa/-ийн экологи-эдийн засгийн суурь үнэ 997 мянган төгрөг, саарал чоно /Canis lupus/-ны экологи-эдийн засгийн суурь үнэ 1 сая 130 мянган төгрөг байна.
Мөн иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.
Завхан аймгийн агнуурын бүс нутгаас энэ жил тусгай зориулалтаар 8 тэх агнуулна
Завхан аймгийн агнуурын бүс нутгаас энэ жил тусгай зориулалтаар 1 угалз агнуулна