Наймаачид бизнесээ хумих уу, эсвэл...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-06 22:02:11
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд Алтан-Эх зах, Нэмэх худалдааны төв, Тойрдог дэлгүүр, 1000 нэрийн бараа, Мандухай зэрэг газруудад лангуу түрээслэн аж амьдралаа залгуулдаг 30-аад иргэд бий.

Тэд цаашид үйл ажиллагаа явуулах боломж явуулахад хүндрэлтэй байгаа талаар учирлаж байна.  Өнөөдрийн байдлаар сарынхаа түрээсийг арай ядан төлж байгаа бөгөөд нэгээс гурван сарын хугацаанд бага багаар эргэлтийн бараагаа татах болсон хэмээн худалдаа эрхлэгчид хэлж байна. 

Учир нь худалдааны төвүүдээр үйлчлүүлэх худалдан авагчид цөөрч өдөрт үйлчлүүлэх иргэдийн тоо буурсаар байгааг хэлж байв. Өнгөрсөн онтой харьцуулахад жижиг бизнес эрхлэгчдийн орлого 50 хувиар буурсан байна. Одоогоор хүүхдийн өвлийн хувцас ганц нэгээрээ борлогдож байгаа бол хүнснээс гурил, мах, хүнсний ногоог голчлон авч байгаа аж. 

Тэд одоо шинэ жилийн үеэр иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр түрээсийн төлбөр болоод алдагдалгүй ажиллаж магадгүй байх гэсэн горьдлого тээн сууцгааж байна.

Тэгвэл мэргэжилтнүүд энэ талаар тайлбарлахдаа “наймаачдын орлого багасч байгаа нь эдийн засгийн хямралтай холбоотой” хэмээсэн юм. Тиймээс цаашид жижиг дунд бизнес эрхлэгчдийг орон нутгийн засаг захиргаанаас дэмжиж ажиллахаас гадна үнийн хувьд тогтвортой бодлого барьж ажиллах талаар холбогдох албаны хүмүүс тайлбарлалаа.

Т.Есүхэйтөмөр

相关新闻