Х.Түмэн-Өлзий: Өвөг эцэг, өвөө, аавынхаа ажил мэргэжлийг залгамжилж яваагаараа бахархдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-31 19:32:48

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орон нутагт дахь Цагдаагийн алба хаагчийн амьдрал, тус мэргэжлийн онцлог, давуу болон сул талуудын талаар Төв аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн Заамар сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.

 

-Таны хувьд хүн ардынхаа амгалан тайван байдлыг хангах үйлсэд хэдий хугацаанд хүчин зүтгэж байна вэ?

-Би чинь угтаа Их засаг олон улсын их сургуулийн Театр урлагийн сургуулийг зураглаач мэргэжлээр төгссөн хүн. Хүүхэд насны мөрөөдөл бол яалт ч үгүй цагдаа болох хүсэлтэй байсан учраас зураглаачийн ажлын хажуугаар уйгагүй асууж сурч, бодсоор л явсан. Ингээд 2019 онд төрсөн нутаг Төв аймгийнхаа орон нутгийн "Төв ньюс TBS" телевизэд ажиллаж байгаад Төв аймгийн Цагдаагийн газар энгийн ажилтнаар орсон доо. Олон нийтийн цагдаагаар үр бүтээлтэй ажилласан гэж үнэлэгдээд төд удалгүй Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцах эрхтэй болсон юм. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЦЕГ-ын дарга Бригадын генерал Ж.Болдын тушаалаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.



-Удам дамжсан цагдаагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн тань энэ ажил мэргэжилд татагдах, сонгоход нөлөөлсөн байх?

-Би Монголын Цагдаагийн байгууллагад дөрөв дэх үеийн алба хаагч гэдгээрээ бахархаж явдаг. Миний өвөг эцэг Дагва Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Дотоод явдлын яамны төлөөлөгчөөс Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ, Баян сумдын хэсгийн төлөөлөгч хийж байгаад хошууч цолтой тэтгэвэртээ суусан. Миний өвөө Д.Батзориг Төв аймгийн Цагдаагийн газарт цагдаа, жолоочоор ажиллаж байсан. Харин аав Б.Хишигдэмбэрэл маань 1998-2024 он хүртэл Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаа жолоочоор, цагдаагийн ахлах ахлагч цолтойгоор тэтгэвэртээ суусан. Цагдаа цаг наргүй, аюултай нөхцөл байдалд ажиллаж, ард иргэдийнхээ аюулгүй, тайван байдлыг сахин хамгаалдаг мэргэжил. Тэр хэрээрээ гэр бүлдээ зарцуулах цаг ч бага. Дүрэмт хувцас өмсөж, тэвхийсэн мөрдэсээр гоёсон аавыгаа хараад хүүхэд байхаасаа цагдаа болно гэж зорьсон миний шийдвэрийг гэр бүлийнхэн маань таатай хүлээж аваагүй. Тийм ч учраас өөр мэргэжил эзэмшиж ажиллаж байгаад хүүхэд насны хүсэл мөрөөдлөө биелүүлж Цагдаагийн албанд орж, ажиллаж яваадаа баярладаг. 

 


-Мэргэжлийн тань онцлог, давуу тал, бахархал нь юундаа оршиж байдаг бол?

- Зураглаач болон эрх зүйч мэргэжилтэй болохоор Цагдаагийн байгууллагад маш их хэрэгтэй байдаг. Тухайлбал, Нийгэмд ихээр гарч байгаа гэмт хэрэг зөрчлөөс болж хэн нэгэн хүнийг өртөж хохирохоос урьдчилан сэргийлж видео, шторк, пост бэлтгэдэг. Мөн хэн нэгэн хүнд хуулийн дагуу тусалж алдсан, хохирсон тэр бүх асуудлыг шийдэх гэж хичээж, олж тогтоодог болохоор бусад мэргэжлээс маш их давуу талтай гэж бодож байна.


Би албаараа ажлаараа үргэлж бахархдаг. Надад бахархах гурван том шалтгаан бий. Нэгдүгээрт, Өргөсөн тангараг минь. Тангарагаа өргөөд төрийн сүлдэндээ мөргөж байхад миний нулимс өөрийн эрхгүй урсаж байсан шүү.


Хоёрдугаарт, Ямар нэгэн хүнд тусламж хэрэгтэй болсон үед хуулийн хүрээнд чадах бүхнээ хийж өгөх нь миний хувьд бахархам зүйл байдаг. Тэдгээр хүмүүсийн талархлыг хүртэх нь надад ажиллах урам зориг өгдөг.


Хамгийн сүүлд би нэг хэргийн хохирогчоос мэдүүлэг авч хэргийг шийдэх гээд Хорих ангид очоод ирсэн. Золгүй байдлаар осол гараад хохирогч болсон иргэн юм. Ингээд хэргийн эзнийг олж хохирлыг тань барагдуулж байна гээд хийсэн ажлаа танилцуулахад тэр хүн нүдэндээ нулимс цийлэгнүүлээд, чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, тэврээд уйлсан юм. Тэр мөч надад урт замын ачаалалтай өдрийг мартуулаад, гүнзгий амьсгаа аваад цааш явах эрч хүч өгсөн. Мөн үнэ үйл явдал нь алба мэргэжлээрээ бахархах мэдрэмж байсан.

Гуравдугаарт, Миний дөрвөн үеийн цагдаагийн алба хаагч гэх том цол үнэхээр бахархам алдар байдаг.

 


-Сумдад ажилладаг болохоор завгүй байдаг байх. Гэр бүлдээ цаг гаргаж чаддаг уу? 

-Суманд ажиллаж байх үедээ бол гэр бүлдээ төдийлөн цаг гаргах зав олдохгүй л байлаа. Төв аймгийн хоёр том суманд ажиллаж байсан учраас гэмт хэрэг зөрчлийн дуудлага их байдаг. Суманд нэг хэсгийн төлөөлөгч, нэг цагдаа ажилладаг учраас сумын иргэд бүхий л болохгүй бүтэхгүй зүйлд цагдаад л ханддаг. Ачаалал ихтэй үедээ гэртээ харих нь байтугай унтах завгүй явдаг үе байсан.


Гэр бүлээсээ хол байхаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нэгнээ гэх сэтгэл багасаж хөндийрдөг л юм. Маргалдах шалтгаан их болж жижиг зүйлс ч хүртэл маргааны шалтгаан нь болсон байдаг. Харин сүүлд албан тушаал, ажил өөрчлөгдөөд өглөө оройдоо болон амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх боломж гарсан. 

 

-Аймгийн төвөөс сумдад томилогдож ажиллаж байгаа хүний хувьд орчин солигдохоос эхлээд олон зүйлд дасан зохицох шаардлагатай болдог байх. Хүндрэлтэй зүйлс их байдаг уу? Яаж даван туулдаг вэ?

-Аймгийн төвд ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөр өөрийн хүсэлтээр гэр бүлдээ ч хэлээгүй шийдвэр гаргаад Төв аймгийн Хамгийн их хүн амтай том сум болох Төв аймгийн Батсүмбэр суманд нэг үүргэвч, нэг мишок, Жерри гэх нохойтойгоо очиж байлаа.


Анх очих үед төлөөлөгч, зохицуулагч хоёр амарчихсан, тог тасарсан байж таараад, ганцаараа учраа мэдэхгүй байх үедээ харамсаж л байлаа. Дуудлагад явахад унаа байхгүй хүн гуйж явах, унаа олоод явахад улсаас өгсөн шатахуун хүрэхгүй үе байдаг. Амьдрах байр нь 1924 онд ашиглалтад орсон хуучин хүйтэн байр, эд ачааллын үед хүн хүч хүрэхгүй гээд олон бэрхшээлүүд байдаг л байлаа. Гэхдээ ажлаа хийгээд төр, ард түмний сэтгэлээр цоо шинэ машин шийдүүлээд, болохоос нь болохгүй хүртэл зүтгээд өдий хүрсэн.


Энэ бүх туулсан, туулаад даваад ирсэн зүйлээ эргээд харахаар хүндрэл зовлон биш сургамж юм даа гэж боддог. Одоо байгаа энэ ажилд маань ч гэсэн хүндрэл бол их л байдаг. Төв аймгийн 27 суманд хоёр л мөрдөгч ажиллаж байна. Тэр олон сумыг хувааж аваад ирсэн гомдлыг шалгана гэдэг үнэхээр хүндрэлтэй тэр дундаа хохирогч холбогдогч нь ирэхгүй байх бүр хэцүү. Ажиллагаа дутуу хэрэг дээр араас нь явж ажиллагаа хийх бас л хүндрэлтэй, гэхдээ хүнд байлаа гээд хэргийг шийдэхгүй орхиж болохгүй аргыг нь олж араас нь явж иргэний гомдлыг барагдуулж шийдэж өгөөд л явж байна даа.

 


-Цагдаа нар баярын өдрүүд болон бүх нийтийн амралтын өдрүүдэд ч ажилласаар байдаг. Мөн таны ажиллаж байсан Батсүмбэр сумын гал унтраах анги татан бууж, гамшгийн үед сумын иргэдтэйгээ хамтран ажиллаж байсан. Ийм үед ард иргэдээс урам хайрласан үг, дулаахан мэдрэмж төрүүлсэн үйлдэл хүлээж авч байв уу?  

-Байлгүй яахав. Хамгийн том жишээ бол цар тахлын үед гадаа хүйтэнд эргүүл хийгээд постод ажиллаж байхад өөрсдийгөө эрдсдэлд оруулж бидэнд халуун цай, хоол, аарц гээд хүний дархлааг дэмжих зүйл аваад машингүй үед алхаад хүртэл зориод ирж байсан тэр сэтгэл маш их тод үлдсэн. “Би яах вэ та нар эрүүл байж бид эрүүл байгаа” гэж хэлж байсан нь сэтгэлээс огт гардаггүй юм.


Мөн 2022 онд Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр гараад тухайн үед гал унтраах анги хүн хүчгүй гэж татан буусан байсан. Энэ үед иргэд нэгдэж тэр холоос мотоцикл, морь гэх мэт бүх боломжит унаагаа хөлөглөөд ус зөөж гал унтрааж байхыг харсан. 12 цаг тасралтгүй ажиллаад унтраагаад буухад бүгд баярлаж шөнө нь хамт манаж хоноод элдвийг ярьж хоносон тэр сайхан эрчүүдээр бас их бахархаж суусан.


-Иргэдэд хэлж, ойлгуулахыг хүсдэг зүйлээсээ хуваалцвал?

-Зарим хүн цагдаагийн алба хаагч гэхээр л үзэн ядаж муугаар ярьж байдаг. Хувцасны гол, татварын мөнгөөр хоолоо олж идэж байгаа гэх мэтээр доромжилдог. Гэвч бид хайрлах энэрэх, инээж, баярлах, уйлж гомдох сэтгэлийн хөдлөлтэй, ялгаагүй төрд татвар төлж, гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа хүмүүс шүү дээ. Тэрнээс биш бусад хүнээс илүү гараад, илүү эрх мэдэлтэй болоод байгаа зүйл огт байхгүй.


Ард иргэдээсээ хүсэхэд цагдаа гэж ялгаварлаж хандалгүйгээр хүн талаас нь бодоод үзээрэй гэж хүсмээр байна. Миний л зөв гэж дайрахаасаа өмнө эргэцүүлэн бодож, хүлээцтэй байж, нэгнээ сонсож ойлгоорой гэж хүсмээр байна.


Ярилцсанд баярлалаа. 



相关新闻