ТӨВ: Хохирлын хэмжээг тогтоосоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-04 14:54:46

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Жаргалант, Угтаал, Бүрэн, Зуунмод, Аргалант суманд 7 дугаар сарын 24-ний орой дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсны улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоосоор байна.


Төв аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, тхайн өдрийн салхины дундаж хурд 14-18 м/с хүрч байгалийн аюултай үзэгдэл болсон. Үүний улмаас нэг сургуулийн дээвэр, сургуулийн хоёр дотуур байрны дээвэр, нэг спорт заалны дээвэр, хоёр худгийн дээвэр, 272 гэр нурж, 666 мал хорогдсон. Мөн 14 иргэний автомашины салхины шил, гэрэл дохио хагарч эвдэрсэн хохирол гарсан.


Бороон шуурганаас болж бэртэж гэмтсэн долоон иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, 218 айл өрхийн гэрийг сэргээн засварлаж, хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах ажлыг хийгээд байна.


Мөн Лүн, Баянхангай сумын Атарын гуанз чиглэлийн 35 кВт-ын 76 тулгуур, 10 кВт-ын 12 тулгуур, өндрийн 0,4-ийн 4 тулгуур нийт 92 тулгуурыг сэргээн босгох, шугамын утас татах ажилд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 177 алба хаагч, ажилтан, 44 автомашин, техниктэй ажиллаж хэвийн цахилгаантай болсон. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоож дуусаагүй байна гэв. 


相关新闻