Нэг га талбайгаас 80 тонн байцаа хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Жаргалант сум ургацын баяраа тэмдэглэлээ. Тус сум газар тариалан, хөдөө аж ахуйн гол бүс нутаг юм. Энэ жил 21 аж ахуйн нэгж 600 гаруй өрх 4400 га талбайд тариалалт эрхэлжээ.
Тариалалтынхаа үр шимийг “Алтан намар” ургацын баярын үеэр олон нийтэд танилцуулж га-аас авах ургацаа нэмэгдүүлэхэд хичээн ажиллаж байна гэж ногоочид хэлж байна. “Алтан намар” ургацын баярт 50 гаруй тариаланч оролцож тарьсан ногоогоо хямд үнээр борлууллаа. Энэ онд төмс, хүнсний ногооны тариалалт 80-100 га-аар нэмэгдсэн нь өмнөх жилийнхээс 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр төмс, лууван, манжингийн үнэ кг тутамдаа 500-700 төгрөгийн үнэтэй байна. Ургацын баяр үеэр Жаргалант сумын иргэн С.Амартүвшин нэг га талбайгаа 20 тонн төмс, Н.Нэргүй 80 тонн байцаа хурааж авсаныг өндрөөр үнэлж шагнаж урамшууллаа. Мөн нэг га талбайгаас 20 тонн манжин, 40 тонн лууван хурааж авсан Б.Бямбажав, Б.Пүрэвдорж нарыг шагналаа.
Дашрамд дурдахад, өнгөрсөн зун орон нутгийн удирдлагууд 4940 га талбайд агрохимийн шинжилгээ хийжээ. Ингэснээр хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэ жил Орхон аймаг 3847 тонн төмс, 3578 тонн хүсний ногоо хураан авчээ.
Б.Оюун-Эрдэнэ