Энэтхэг, Унгар, Польшийн иргэд анх удаа ОУСС-д зочилно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 25 /DW/. Олон улсын сансрын станцад /ОУСС/ зочлох Ax-4 хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг, Унгар, Польшийн сансрын нисгэгчид дэлхийн тойрог замд ажиллахаар нислээ.
АНУ-ын орон нутгийн цагаар мягмар
гарагт Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас Crew
Dragon хөлгийг SpaceX компанид зохион бүтээсэн Falcon 9 зөөгч
пуужингаар хөөргөжээ.
Сансрын багийн бүрэлдэхүүнд
Энэтхэгийн цэргийн нисгэгч Шубханшу Шукла, Унгарын инженер Тибор Капу, Польшийн
инженер Славош Узнанский-Вишневский, НАСА-гийн сансрын нисгэгч эмэгтэй
Пегги Уитсон нар багтсан байна.
Crew Dragon хөлөг 26-ны баасан
гарагт Олон улсын сансрын станцад хүрэлцэн очих бөгөөд сансрын нисгэгчид хоёр
долоо хоног орчмын хугацаанд шинжлэх ухааны туршилтууд хийх юм. Ax-4 хөтөлбөрийн
хүрээнд нэг хүнд 70 орчим сая евро зарцуулж байгаа ажээ. Энэ бол Хьюстон хотын Axiom Space компанийн НАСА ба SpaceX компанитай хамтран хэрэгжүүлж буй дөрөв дэх
сансрын хөтөлбөр юм. Зөөгч пуужинд ба ОУСС-д үүссэн техникийн асуудлаас үүдэн нислэгийг
хэд хэдэн удаа хойшлуулсан байна. Axiom Space компани өмнө нь 2022-2024 онд гурван удаа нислэг үйлдсэн бөгөөд
сүүлчийнх нь гурван долоо хоног үргэлжилсэн нь түүхэн дэх хамгийн урт арилжааны нислэг байв.
Одоогийн байдлаар ОУСС-д 300 орчим хүн очоод байгаа бол Энэтхэг, Унгар,
Польшийн сансрын нисгэгчид очиж байгаагүй юм. Гэхдээ эдгээр улсын нисгэгчид
1970-80-аад оны үед Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн хүрээнд сансарт нисэж
байжээ.
Ташрамд дурдахад, өдгөө 65 настай Пегги Уитсон бол ОУСС-ын анхны эмэгтэй
дарга бөгөөд сансарт байсан хугацаагаар рекорд тогтоож байсан эмэгтэй юм.