Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-09-15 10:55:27

БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл ажиллагааг дууриалган бүтээсэн хиймэл оюун ухааны шинэ загварыг Хятадын судлаачид зохион бүтээжээ. 


“SpikingBrain-1.0” гэдэг томоохон хэмжээний загварыг Хятадын Шинжлэх ухааны академийн Автоматжуулалтын хүрээлэнд танилцуулсан байна. Уг загвар нь бүрэн сургагдсан ба Хятадад үйлдвэрлэсэн график процессор дээр ажилладаг байна.


Энгийн дэвшилтэт системүүд нь их хэмжээний эрчим хүч шаарддаг “Transformer” бүтэц дээр суурилдаг бол шинэ загвар нь спайк мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны зарчимд тулгуурлаж, тархин дахь биологийн үйл явцын хэлбэрээр оюун ухааныг үүсгэдэг ажээ. 


“Энэхүү томоохон загвар нь шинэ үеийн хиймэл оюуныг “Transformer” бүтэцгүйгээр хөгжүүлэх техникийн шинэ чиглэлийг нээж байна. Эл загвар бол маш бага эрчим хүч хэрэглэдэг нейроморф (хүний тархи шиг ажилладаг) чипүүдийг бүтээх урам зоригийг өглөө” гэж Автоматжуулалтын хүрээлэнгийн захирал Сюй Бо онцлов.


Судлаачдын мэдээлснээр, “SpikingBrain”-ы бүтэц нь маш үр дүнтэй сургах боломжтой. Энэ систем нь томоохон загваруудад шаардлагатай урьдчилан сургасан өгөгдлийн ердөө 2 орчим хувийг ашиглан хэлийг ойлгох, логикоор тунгаан бодох даалгаврын шийдлүүдтэй дүйцэхүйц үзүүлэлттэй байгаа ажээ.


“SpikingBrain” загвар нь нэг сая тэмдэгтээс бүрдэх контекстээс анхны токеныг үүсгэхдээ “Transformer” бүтэцтэй харьцуулахад 26.5 дахин хурдан ажилласан байна. Ийм үзүүлэлт нь маш урт бичвэрүүдийг боловсруулах өргөн боломжийг нээж байна. Үүнд хууль эрх зүй, анагаахын баримт бичигт дүн шинжилгээ хийх, өндөр энергийн физикийн салбарын судалгаа, ДНХ-гийн дарааллыг загварчлах зэрэг багтана.  
相关新闻